Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ирэх сарын төлөвийг гаргажээ.

Ирэх сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу байх төлөвтэй. Арваннэгдүгээр сарын эхэн болон хоёрдугаар арван хоногт харьцангуй дулаан өдрүүд үргэлжлэх боловч агаарын температур огцом буурах, цочир хүйтрэх зэрэг үзэгдэл ажиглагдах магадлалтай. Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд эрс хүйтэрнэ.

Арваннэгдүгээр сарын агаарын температурын ОЖД нь Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар -12…-18°C, Хөвсгөлийн уулархаг нутгаар -18...-22°C, Алтайн өвөр говь болон говийн бүс нутаг, Дорнодын тал газраар -2...-8°С, бусад нутгаар -8...-12°C хүйтэн байдаг. 
Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 4–8 мм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 0–2 мм, бусад нутгаар 2–4 мм цас ордог. 

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Баян–Өлгийн нутаг, Ховдын ихэнх, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас хүйтэн, хур тунадас Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэн, цасан болон шороон шуурга шуурч болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлээр ихэнх нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэн цасан шуурга шуурч болзошгүй.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Сүхбаатарын өмнөд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар цас орж, зарим газраар цасан шуурга шуурна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунжийн орчим, хур тунадас Өмнөговийн баруун хэсгээр бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй.  Агаарын температур нэгдүгээр арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд олон жилийн дунджаас хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орж, зарим газраар цасан шуурга шуурч болзошгүй.