Сербийн парламентын сонгуульд оюутнуудын хөдөлгөөн ялж, А.Вучич ялагдлаа хүлээн зөвшөөрөв

Сербийн парламентын сонгуульд оюутнуудын хөдөлгөөн ялж, А.Вучич ялагдлаа хүлээн зөвшөөрөв

Сербийн парламентын сонгуульд оюутнуудын тэргүүлсэн “Оюутнуудын жагсаалт” хөдөлгөөн ялалт байгуулж, тус улсын улс төрд арав гаруй жил ноёрхсон Александр Вучич ялагдлаа хүлээн зөвшөөрлөө.

Аравдугаар сарын 25-нд болсон ээлжит бус сонгуулийн урьдчилсан дүнгээр “Оюутнуудын жагсаалт” хөдөлгөөн 250 суудалтай парламентад 135–140 суудал авах төлөвтэй байгааг А.Вучич мэдэгдсэн байна. Энэ нь парламентын олонх болох 126 суудлаас давсан үзүүлэлт юм. Харин түүний тэргүүлсэн Сербийн Дэвшилтэт нам 105 орчим суудал авахаар байжээ. 

Сербийн оюутнуудын хөдөлгөөн 2024 оны арваннэгдүгээр сард Нови-Сад хотын төмөр замын буудлын дээврийн саравч нурж, 16 хүн амиа алдсаны дараа эрчимжсэн эсэргүүцлийн жагсаалуудаас эхлэлтэй. Оюутнууд уг ослын шалтгаан, дэд бүтцийн төслүүдийн ил тод байдал, авлигын асуудлаар хариуцлага нэхэж, улмаар Засгийн газрын эсрэг өргөн хүрээний хөдөлгөөн өрнүүлсэн юм. Бараг хоёр жил үргэлжилсэн жагсаал, цуглааны явцад оюутнуудын шаардлагыг багш нар, фермерүүд болон нийгмийн бусад бүлэг дэмжжээ. Улмаар оюутнууд гудамжны эсэргүүцлээ улс төрийн сонгуульд оролцох хэлбэрт шилжүүлж, парламентын 250 суудалд нэр дэвшигчдийн жагсаалт гаргасан байна.

Сонгуулийн ирц 70 орчим хувьд хүрсэн нь 1992 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болж болзошгүйг олон улсын хэвлэлүүд мэдээлжээ.

А.Вучич 2014 онд Ерөнхий сайдаар ажиллаж эхэлснээс хойш Сербийн улс төрд голлох байр суурь эзэлж, 2017 онд Ерөнхийлөгч болсон юм. Түүнийг эрх мэдлийг төвлөрүүлж, хэвлэл мэдээллийн хараат бус байдал болон ардчилсан институцийн үйл ажиллагаанд нөлөөлсөн гэж шүүмжлэгчид буруутгадаг. Харин тэр болон түүний нам эдгээр шүүмжлэлийг няцааж иржээ. Сербийн сонгуулийн дүн нь Европын Холбоонд элсэх хүсэлтэй тус улсын цаашдын улс төрийн чиглэлд нөлөөлөхөөр байна. Европын Холбооны удирдлагууд сонгуулийн дүнг сайшааж, хууль дээдлэх ёс, хэвлэлийн эрх чөлөө, авлигатай тэмцэх чиглэлийн шинэчлэлийг дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: Reuters, The Guardian, Deutsche Welle