Д.Энхтүвшин: Хэрэгт шалгах нэрийдлээр компаниудын үйл ажиллагааг хугацаагүй зогсоодог нь “цаазын ял” өгч байгаатай ялгаагүй тул өөрчлөх хуулийн төсөл өргөн барьсан

Д.Энхтүвшин: Хэрэгт шалгах нэрийдлээр компаниудын үйл ажиллагааг хугацаагүй зогсоодог нь “цаазын ял” өгч байгаатай ялгаагүй тул өөрчлөх хуулийн төсөл өргөн барьсан

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин нарын зургаан гишүүн өнгөрсөн хавар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан өргөн барьсан.

Одоогийн зохицуулалтаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах нь компанийн үйл ажиллагааг бүхэлд нь зогсоож, ажилчдын цалин, бэлтгэн нийлүүлэгчдийн бараа бүтээгдэхүүн, хөрөнгө оруулалтад эрсдэл учруулж байгааг тэрбээр онцоллоо. Тиймээс таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа хугацаа болон тухайн аж ахуйн нэгжид учрах эрсдэлийг харгалзан үзэх, хуулийн этгээдэд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зохицуулалтыг тодорхой болгох зорилгоор хуулийн төслийг боловсруулсан талаар түүнтэй ярилцлаа.

ВИДЕО: 

-Өнгөрсөн хаврын чуулганаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг та өргөн барьсан. Яагаад энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн юм бэ?

-2002 оны Эрүүгийн хуулиар эрүүгийн хариуцлагыг зөвхөн иргэнд оногдуулдаг байсан. Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай ойлголт байгаагүй. Харин 2014 онд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, зөвхөн иргэнд бус хуулийн этгээдэд ч эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалт бий болгосон. Гэсэн хэдий ч хуулийн этгээдэд хариуцлага оногдуулах, үүнтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зохицуулалт хангалтгүй байна. Үүний улмаас аж ахуйн нэгжүүд нэлээд хохирч байгаа. Хувь хүний хувьд хариуцлага хүлээх субъект нь тодорхой байдаг учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зохицуулалт ч илүү тодорхой. Харин хуулийн этгээдийн хувьд зээлдүүлэгчид, ажилчид, бэлтгэн нийлүүлэгчид, хувьцаа эзэмшигчид зэрэг олон оролцогч тал бий. Тиймээс эдгээр харилцааг нарийн зохицуулахгүй бол тухайн захирал эсвэл ажилтны гэм буруутай үйлдлээс шалтгаалан таслан сэргийлэх арга хэмжээг бүхэлд нь компанид авч хэрэгжүүлэх нөхцөл үүсдэг. Энэ нь аж ахуйн нэгжийн бизнесийн үйл ажиллагаанд ихээхэн эрсдэл учруулж байна. Иймээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессыг илүү тодорхой болгох зорилгоор хуулийн төслийг санаачилсан.

-Ялангуяа таслан сэргийлэх арга хэмжээний тухайд одоо хэрэгжиж байгаа хуулийн зохицуулалт ерөнхий байна. Таны өргөн барьсан хуулийн төсөлд илүү нарийвчлан тусгасан харагдаж байна. Тухайлбал, орлого олох эх үүсвэрийг хаах, тухайн бүтээгдэхүүн муудах эсэхийг харгалзан үзэх зэрэг заалт оруулжээ. Энэ талаар дэлгэрүүлж ярьж өгөхгүй юу?

-Хэрэг хянан шийдвэрлэх явцад аж ахуйн нэгжүүдэд бараг хувь хүнд цаазын ял өгч байгаатай адил нөхцөл үүсдэг. Тухайлбал, компаниудын тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлаж, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг нь хориглодог. Ингэснээр тухайн компани цаашид үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болдог. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хувь хүний хувьд таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа харгалзан үзэх нөхцөлүүд, тухайн арга хэмжээний хугацааг зохицуулсан байдаг. Жишээлбэл, бага насны хүүхэдтэй эсэх, жирэмсэн эсэх, учирсан хохирлын хэмжээ зэрэг нөхцөлийг харгалзан үзэж, таслан сэргийлэх арга хэмжээ авах, мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой шийдвэр гаргадаг.

Харин аж ахуйн нэгжийн хувьд үйл ажиллагааг нь шууд хаадаг. Үүний цаана ямар хэмжээний хөрөнгө оруулалт эрсдэлд орж байгаа, ажилчид нь цалингаа авч чадахгүй болох эсэх, бэлтгэн нийлүүлсэн бараа бүтээгдэхүүн нь эрсдэлд орох эсэх зэрэг олон асуудал үүсдэг. Ийм эрсдэлийг харгалзан үзэх нөхцөлүүдийг илүү тодорхой болгож, таслан сэргийлэх арга хэмжээ авах хугацааг нарийвчлан зааж өгч байгаа юм. Хуулийн төсөлд тусгасан эдгээр заалт нь цоо шинэ зохицуулалт биш. Иргэний болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад байдаг, одоогийн хууль хэрэглээний практикт ашигладаг зохицуулалтуудыг авч тусгасан.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин

-Нэг жишээ дурдахад, Төхөмийн уурхайг таслан сэргийлэх арга хэмжээний хүрээнд хугацаагүй хаасны улмаас нүүрс нь шатсан ийм нөхцөл байдал үүссэн. Та хуулийн төсөлдөө нэг сар, зургаан сар гэх мэт хугацааг тодорхой зааж өгсөн байна. Хугацааны талаар тодруулж ярьж өгөхгүй юу?

-Тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлэхдээ тухайн арга хэмжээг тодорхой хугацаагаар авна. Жишээлбэл, нэг сарын хугацаатай арга хэмжээ авсан бол тэр хугацаа дуусахад нөхцөл байдал арилсан эсэхийг дахин хэлэлцэх боломж олгож байгаа юм. Тэгэхгүй бол үйл ажиллагааг нь хаасан, зогсоосон байгууллага ч энэ асуудлыг мартчихдаг. Дансыг нь хаачхаад хэзээ нээх нь тодорхойгүй нөхцөл байдал үүсдэг. Үүнийг илүү тодорхой болгож байна.

Бусад улс оронд бизнесийн үйл ажиллагааны тасалдлыг томоохон эрсдэлүүдийн нэг гэж үздэг. Энэ эрсдэлээс сэргийлэхийн тулд хууль тогтоомждоо аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хамгаалсан зохицуулалтууд оруулдаг. Тухайлбал, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад тухайн компани дампуурах эрсдэлд орохоор байвал холбогдогчдыг нь салгаж, хэргийг тусгаарлах эсвэл дампуурлын хуультай уялдуулан тухайн компанийг аврах, үйл ажиллагааг нь тасралтгүй үргэлжлүүлэх нөхцөл бололцоог хангадаг зохицуулалтууд байдаг. Манайд ийм зохицуулалт байхгүй. Аж ахуйн нэгжүүд ч энэ талаар байр сууриа илэрхийлдэг. Саяын уурхайн жишээнээс гадна Хөгжлийн банкны хэрэг дээр олон компанийн үйл ажиллагааг хэрэг хянан шийдвэрлэж байгаа нэрийн дор зогсоодог. Үүний улмаас компаниуд цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, нэр хүндэд нь халдах зэрэг эрсдэл үүсэж байна. Эдгээр эрсдэл нь хувийн хэвшлийн хүрээг хумиж, томоохон хөрөнгө оруулалт хийх боломжийг хязгаарлаж байгаа. Сүүлийн үед зөвхөн худалдаа бус, үйлдвэрлэлтэй холбоотой хөрөнгө оруулалтууд нэлээд хийгдэж байна. Ялангуяа уул уурхайн салбарт боловсруулалт хийж, өртөг нэмэгдүүлэх зорилт тавьж байгаа.

Ийм томоохон хөрөнгө оруулалтын хувьд хайхрамжгүй байдал эсвэл процессын тодорхойгүй байдлаас шалтгаалан үйл ажиллагааг нь зогсоовол олон сөрөг үр дагавар гарна. Жишээлбэл, кокс үйлдвэрлэдэг үйлдвэрийг авч үзье. Зуухыг нь нэг удаа зогсоовол дахин ашиглах боломжгүй болох нөхцөл үүсэж болно. Тахианы аж ахуйн цахилгааныг тасалчихвал үйл ажиллагаагаа цаашид явуулах боломжгүй болно. Ийм жишээ маш олон бий. Түүнчлэн компанийн нэр хүндэд халдах асуудал байна. Тиймээс тодорхой нөхцөл байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр таслан сэргийлэх арга хэмжээ авах ёстой гэж бодож байна.

-Өнгөрсөн хавар, тодруулбал дөрөвдүгээр сарын 30-нд хуулийн төслийг өргөн барьсан. Аж ахуйн нэгжүүд энэ намрын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад хуулийн төсөл орж ирэх болов уу гэж хүлээж байсан. Гэтэл хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй байна. Та үүнийг юу гэж харж байгаа вэ?

-Энэ хуулийн төслийг хүлээж байгаа аж ахуйн нэгжүүд бий. Ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн ахлагчаар Х.Баасанжаргал гишүүн ажиллаж, П.Сайнзориг, О.Номинчимэг гишүүд ажлын хэсэгт орохоор ярьсан. Ажлын хэсэг холбогдох байгууллагуудтай уулзаж, мэдээллээ илүү тодруулах төлөвлөгөөтэй байгаа гэж ойлгосон. Бид хуулийн төслийг бэлтгэж, өргөн барих явцдаа холбогдох байгууллагуудыг урьж, саналыг нь сонссон. Эдгээр байгууллагаас нийт хугацааг хязгаарласан заалт нь хэргийг шийдвэрлэх явцад сөрөг талтай байж болзошгүй тул дээд хугацааг өөрчилж өгөх санал гаргасан. Хуулийн байгууллагуудаас хэлэлцүүлгийн явцад ирүүлсэн саналуудыг тусгасан байгаа. Одоогоор хуулийн төсөл хэлэлцэх асуудлын тов дараалалд ороогүй байна. Гэхдээ бидний хувьд аль болох хурдан хэлэлцүүлэх сонирхолтой байгаа. Ажлын хэсгийн ахлагчид ч энэ талаар санал тавьж байгаа бөгөөд хуулийн төслийг хурдан бэлэн болгох бодолтой байгаа юм билээ.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газар өргөн барьсан. Мөн УИХ-ын гишүүн Б.Жаргалан энэ тухай хуулийн төсөл өргөн барьсан байсан. Тэдгээр хуулийн төслийг та харж, танилцсан уу. Хамтатган хэлэлцэх боломж хэр байгаа бол. Таны хөндөж байгаа таслан сэргийлэх арга хэмжээний тухай заалт Засгийн газрын өргөн барьсан төсөлд харагдахгүй байсан.

-Б.Жаргалан гишүүний өргөн барьсан болон бусад хуулийн төслүүдэд бидний хөндөж байгаа хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх процессын зохицуулалтууд байхгүй байна. Манай хуулийн төсөл тодорхой асуудлуудыг хөндөж байгаа юм. Хувь хүний хувьд цагдан хорих гэхэд тодорхой хугацаа байдаг. Жишээлбэл, нэг сарын хугацаа тогтоосон бол тэр хугацаа дуусахад цагдан хорих хугацааг сунгах эсэх талаар өмгөөлөгчтэйгөө мэтгэлцэх боломжтой. Мөн тухайн нөхцөл байдал арилсан эсэхийг хэлэлцэх боломж байдаг. Харин хуулийн этгээдийн хувьд ийм зохицуулалт огт байхгүй. Аж ахуйн нэгжүүдийн хувьд процесс илүү тодорхой болсноор аливаа асуудлыг хэн нэгний үзэмжээр шийдэхгүй байх, хуульд заасан нөхцөлүүдийг харгалзан үзэхийг шаардах эрх зүйн боломж нээгдэж байгаа юм.

-Ярилцлагын төгсгөлд танд нэмж хэлэх зүйл байгаа болов уу?

-Хуулийн этгээдтэй холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процессын зохицуулалтыг бүхэлд нь дахин хармаар санагддаг. Бид зах зээлийн эдийн засгийн харилцаанд орж, олон зүйл сурлаа. Эдийн засгийн харилцааг зохицуулах хууль тогтоомжийг сайжруулах боломж ч их байна. Тиймээс бидний хөндөж байгаа энэ зүйл, заалтаас гадна цаашид салбарын хэмжээнд хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулах процессыг сайжруулах, илүү өргөн хүрээнд ажиллах хэрэгцээ шаардлага байгаа гэж харж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Хуулийн төсөлтэй ЭНД дарж танилцана уу.




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө