Дорнод аймгийн Халхгол сумын Нөмрөгийн дархан цаазат газрын нийт талбайн 76.4 хувь буюу 448,993.6 га газар түймэрт өртсөн болохыг хиймэл дагуулын зураглалын дүнгээр тогтоожээ.
Тодруулбал, 2026 оны аравдугаар сарын 25-ны Sentinel-2 хиймэл дагуулын 10 метрийн орон зайн нарийвчлалтай мэдээлэлд үндэслэн түймэрт өртсөн талбайн хэмжээг зурагласан байна. Нөмрөгийн дархан цаазат газар нийт 587,744.1 га талбайтай бөгөөд үүнээс 138,750.5 га буюу 23.6 хувь нь түймэрт өртөөгүй үлджээ. Харин тус дархан цаазат газрын хилээс гаднах 55,966.8 га талбай мөн түймэрт өртсөн байна. Ингэснээр зураглалд хамрагдсан нийт түймэрт өртсөн талбай 504,960.4 га болжээ.
Түймрийн хохирлын хэмжээг тогтоох үүрэг бүхий ажлын хэсэгт шүүх шинжилгээний мэргэжлийн шинжээчид болон ой, ургамлын судлаачдыг нэмж ажиллуулж байна. Мөн шаардлагатай техник хэрэгсэл, цахилгааны эх үүсвэрийг шийдвэрлэн, хоёр нисдэг тэрэг ашиглан тогтоосон цэгүүдэд ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
