УИХ-ын ээлжит чуулганы өнөөдрийн /2026.10.30/ нэгдсэн хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцэхээр товложээ.
Тухайлбал, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлгээр хэлэлцэнэ.
Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлэхээс гадна уг төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөжээ.
Үүнээс гадна Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулна.
Хуралдаанаар мөн УИХ-ын асуулгын цагийг зохион байгуулах бөгөөд “Оршуулгын газрын эмх цэгц, эрх зүйн шинэчлэлийг хийцгээе” асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсох юм.