Ерөнхий сайдын ажлаас нь чөлөөлсөн Х.Алтангэрэлийг Ц.Идэрбат, Б.Занданг Т.Доржханд хууль бусаар томилсон бол Б.Цогтнаран үүрэг даалгавар удаа дараа биелүүлээгүй байжээ

Ерөнхий сайдын ажлаас нь чөлөөлсөн Х.Алтангэрэлийг Ц.Идэрбат, Б.Занданг Т.Доржханд хууль бусаар томилсон бол Б.Цогтнаран үүрэг даалгавар удаа дараа биелүүлээгүй байжээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны арваннэгдүгээр сарын 4-нд болж, Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Х.Алтангэрэл, Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Зандан нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэднийг хууль хяналтын байгууллага болон Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн мэдэгдэлд үндэслэн чөлөөлсөн гэдгийг Засгийн газраас мэдээлсэн юм.

Түүнчлэн Аудитын байгууллагаас 113 албан тушаалтанд хариуцлага тооцох албан шаардлага ирүүлжээ. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг салбарын сайд нар болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасан юм. Мөн хариуцлага тооцсон албан тушаалтнуудын нэр, авсан арга хэмжээний талаарх нэгдсэн мэдээллийг ирэх долоо хоногт танилцуулахыг үүрэг болголоо.

ВИДЕО:

Харин гурван агентлагийн даргыг чөлөөлсөн шалтгааны талаар олон нийтийн дунд янз бүрийн таамаг дэвшүүлж байна. Тухайлбал, Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран өнгөрсөн сард арав гаруй албан хаагчийн хамт Сингапур улсад туршлага судлахаар явсантай холбоотой байж болзошгүй гэх таамаг бий. Учир нь уг томилолтын зардлыг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр гаргасан гэх мэдээлэл өмнө нь гарч байсан юм. Энэ нь эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүжилт тул татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан байж болзошгүй гэх шүүмжлэл дагуулсан.

Гэвч эх сурвалжийн мэдээлснээр дээрх гурван албан тушаалтныг чөлөөлсөн үндэслэл нь өөр байжээ. Тодруулбал, Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран Төрийн албаны зөвлөлөөс тус байгууллагад хүргүүлсэн хугацаатай үүрэг, даалгаврыг удаа дараа биелүүлээгүй байна. Угтаа бол Төрийн албаны зөвлөлөөс хүргүүлсэн хугацаат даалгаварыг биелүүлэх, тайлагнах учиртай.

Харин Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Х.Алтангэрэл, Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Зандан нарын томилгоог Төрийн албаны зөвлөл хууль бус гэж үзсэн байна.

Тухайлбал, Х.Алтангэрэлийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатын тушаалаар 2026 оны дөрөвдүгээр сарын 22-нд Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилж байжээ. Улмаар тус газрын даргаар ажиллах болсон нэгэн юм. Мөн Шадар сайд Т.Доржханд 2026 оны нэгдүгээр сарын 5-нд Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр Б.Занданг томилсон аж. Тус газар нь Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт татах, экспортыг дэмжих чиг үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг юм. Товчхондоо, Ц.Идэрбат, Т.Доржханд нарын энэ томилгоо хууль бус гэж ТАЗ үзсэн учир Ерөнхий сайд ажлаас нь чөлөөлсөн байна.

Төрийн албаны зөвлөл нь хараат бус, бие даасан байгууллага бөгөөд үйл ажиллагаагаа Улсын Их Хуралд тайлагнадаг. Тус зөвлөл төрийн албанд мерит зарчмыг хэрэгжүүлэх, улс төрийн зүй бус нөлөөллөөс ангид, мэргэшсэн төрийн албыг төлөвшүүлэх үндсэн чиг үүрэгтэй. Түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг, даалгавар өгөх эрхтэй. Мөн улс төрийн албан тушаалтан болон бусад этгээд төрийн албан тушаалд томилох үйл явцад хууль бусаар нөлөөлсөн тохиолдолд холбогдох албан тушаалтныг огцруулах, үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх бүрэн эрхтэй юм.




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө