Өмнөд Солонгост нийтийн тээврийн автобус 32 автомашинтай мөргөлдсөн осол гарчээ

Өмнөд Солонгост нийтийн тээврийн автобус 32 автомашинтай мөргөлдсөн осол гарчээ

БНСУ-ын Соннам хотод өглөөний ид ачаалалтай цагаар нийтийн тээврийн автобус 30 гаруй автомашинтай мөргөлдсөний улмаас 48 хүн гэмтсэний зургаа нь хүнд бэртсэн байна. 

Уг осол өнөө өглөө Сөүл хотоос урагш орших Соннам хотын Пундан дүүрэгт орон нутгийн цагаар 07:34 цагт гарчээ. Албаныхны мэдээлснээр, 60 орчим насны эрэгтэй жолоодож явсан автобус гэрлэн дохион дээр зогсож байсан 4 автобус, нэг ачааны машин, 27 суудлын автомашиныг мөргөснийхөө дараа замын хажуугийн хашлага мөргөж зогссон байна. Ослын улмаас 48 хүн гэмтэж, зургаа нь хүнд бэртсэн боловч амь насанд нь аюулгүй гэж эмч нар мэдээлжээ.

Урьдчилсан мэдээллээр, автобусны жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй байжээ. Тэрбээр цагдаагийнханд автобусны тоормос ажиллагаагүй болсон гэж мэдүүлжээ. Ослын нөхцөл байдал, шалтгааныг тогтоох шалгалт үргэлжилж байна.