Боловсролын яамны ТНБД Т.Ням-Очир хууль зөрчиж томилсон Л.Ганбатыг чөлөөлж, ТАЗ-ийн тогтоолыг хэрэгжүүлэхгүй бол өөрөө чөлөөлөгдөж магадгүй

Боловсролын яамны ТНБД Т.Ням-Очир хууль зөрчиж томилсон Л.Ганбатыг чөлөөлж, ТАЗ-ийн тогтоолыг хэрэгжүүлэхгүй бол өөрөө чөлөөлөгдөж магадгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хууль хяналтын байгууллага болон Төрийн албаны зөвлөлийн мэдэгдлийг үндэслэн Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Х.Алтангэрэл, Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Зандан нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Тэрбээр энэ талаар "Аудитын байгууллагаас 113 албан тушаалтанд хариуцлага тооцох албан шаардлага ирүүлсэн. Салбарын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хуулийн хүрээнд хариуцлага тооцох үүрэг өгсөн" гэдгийг тодотгоод Төрийн нарийн бичгийн даргаас эхлээд агентлагийн дарга хүртэлх түр орлон гүйцэтгэгчдийн асуудлыг цэгцэлж, нээлттэй сонгон шалгаруулалт зарлах үүрэг өгсөн. Засгийн газрын шийдвэр дунд, доод шатанд гацаж, замхардаг байж болохгүй. Төрийн алба бол эрх мэдэл эдлэх газар биш, иргэдэд үйлчлэх газар. Хариуцлага тооцохдоо хэнийг ч хэлмэгдүүлэхгүй. Харин хууль зөрчсөн хэнийг ч хамгаалахгүй” гэдгээ мэдэгдсэн. 

Тэгвэл Ерөнхий сайдын энэхүү үүрэг төдийлөн хэрэгжихгүй байгаа аж. Тухайлбал, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар Л.Ганбатыг өнгөрсөн зургаадугаар сард /2026.06.26/ Боловсролын яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын даргын албан тушаалд томилсон байна.

Ингэхдээ түүнийг төрийн жинхэнэ албаны нөөцгүй гэх шалтгаанаар төрийн албаны тусгай шалтгалтгүйгээр томилжээ.

Энэ нь Төрийн албаны зөвлөлийн шалгалтаар илэрч, улмаар тус газраас дээрх зөрчлийг арилгахыг Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очирт үүрэг болгосон байна. Мөн төрийн жинхэнэ албан тушаалд хууль бусаар томилсон зөрчлийг арилгаагүй тохиолдолд төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхийг анхааруулжээ. Гэвч Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир өнөөг хүртэл Л.Ганбатыг Боловсролын яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын даргын албан тушаалд хууль зөрчиж томилсон тушаалаа хүчингүй болгоогүй байгаа аж. Хэрэв түүнийг Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг хэрэгжүүлэхгүй бол өөрийг нь чөлөөлөх мэдэгдлийг томилох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх хуулийн зохицуулалттай юм байна.  

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно. 




Өнөөдөр нохой өдөр

1 цагийн өмнө