Бразилын Амазоны ширэнгэн ойд гаднын ертөнцөөс тусгаарлагдмал амьдардаг Ава-Гуажа (Awá-Guajá) овгийн иргэд хөрш Гуажажара овгийн хүмүүстэй дахин уулзаж, хоол хүнс хүсэж буй дүрс бичлэг олон нийтэд тархаад байна.
ВИДЕО:
Тодруулбал, Бразилын зүүн хойд хэсэгт орших Мараньяо мужийн Арарибоя уугуул иргэдийн нутаг дэвсгэрт арваннэгдүгээр сарын 19-нд болсон уулзалтыг бичлэгт харуулсан байна. Ойролцоогоор 15 хүний бүрэлдэхүүнтэй бүлэгт хүүхдүүд ч байсан бөгөөд тэд Гуажажара овгийн иргэдээс хүнсний ургамал болох ямс буюу халуун орны булцуулаг ургамал хүсжээ.
Гуажажара овгийн дэд ахлагч Алсиде Паулино Гуажажарагийн ярьснаар, Ава овгийн иргэдийн зарим нь биеийн жин ихээр алдсан мэт харагдсан нь түүнийг ихэд түгшээсэн байна. Тэрбээр ой модны сүйдэл, хууль бус мод бэлтгэл, ан агнуур нь тусгаарлагдмал иргэдийн амьдрах орчин, хүнсний эх үүсвэрт сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулжээ. Ава овгийнхон уламжлалт байдлаар ойгоос ан амьтан агнах, жимс ургамал түүх замаар амьжиргаагаа залгуулдаг байна. Гэвч сүүлийн жилүүдэд тэдний амьдардаг Арарибоягийн нутаг дэвсгэрт хууль бус мод бэлтгэл, газар нутгийн халдлага, ой хээрийн түймэр нэмэгдэж, байгалийн орчин нь доройтож байгаа аж.
Тэд яагаад гэнэт бусад хүмүүстэй ойртож, хоол хүнс хүсэх болсон шалтгаан одоогоор албан ёсоор тогтоогдоогүй байна. Гэхдээ уугуул иргэдийн төлөөлөл болон байгаль хамгаалагчид хүнсний хомсдол, амьдрах орчны доройтол нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэж байгаа аж.
Бразилын уугуул иргэдийн асуудал эрхэлсэн FUNAI агентлаг болон Эрүүл мэндийн байгууллагууд нөхцөл байдлыг хянаж, тусгаарлагдмал иргэдийг халдварт өвчнөөс хамгаалах урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхэлжээ. Учир нь гаднын орчинтой удаан хугацаанд харилцаагүй амьдарсан эдгээр иргэдийн хувьд энгийн халдварт өвчин ч амь насанд нь аюул учруулах эрсдэлтэй байдаг байна.