АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр хэрэглэгчдээ улс төрийн үзэл бодлоор ялгаварлан гадуурхдаг сошиал медиа компаниудад хариуцлага тооцох хууль санаачлахыг үүрэг болгосон захирамж гаргажээ.
Хоёр хоногийн өмнө Дональд Трампын твиттер хуудсандаа гаргасан мэдэгдэлд Твиттер компани “худал мэдээлэл” гэсэн хаяг зүүж, бодит мэдээллийг найдвартай эх сурвалжаас нягтлан шалгахыг уншигчдад нь анхааруулж байв.Энэ явдал Трампыг нэлээд бухимдуулж, тэрбээр Твиттер компанийг хаалгана хэмээн сүрдүүлж байсан юм.
Трампын захирамжийн дагуу АНУ-ын хууль зүйн яам Харилцаа Холбооны Зохицуулалтын хуулийн 230 дугаар зүйл заалтад нэмэлт өөрчлөлт оруулах ёстой болж байна.
Уг зүйл заалт нь сошиал медиа компаниудад өөрийн платформ дээр нийтлэгдсэн агуулгад хяналт тавих, зохицуулах өргөн эрх мэдэл олгодог юм.
Мөн хэрэглэгчийн нийтэлсэн агуулга, сэтгэгдэлд сошиал медиа компаниуд хариуцлага хүлээхгүй байхаар заасан байдаг. Трамп харин хэрэглэгчидтэйгээ улс төрийн үзэл бодлоор ялгаж харьцсан компаниудын эрх мэдлийг хязгаарлах нэмэлт заалт оруулах чиглэл өгсөн байна. Дональд Трамп нь 2016 онд ерөнхийлөгчөөр сонгогдохдоо Твиттер, Фэйсбүүк компаниудын платформыг амжилттай ашигласан гэгддэг. Харин тэр ерөнхийлөгч болсныхоо дараа дээрх компаниудыг консерватив үзэл бодлыг хааж, хориглож байна хэмээн шүүмжлэх болсон юм.
Өчигдөр сэтгүүлч түүнээс твиттер хуудсаа устгах эсэхийг асуухад Трамп “Хэрвээ энэ улс оронд шударга хэвлэл мэдээлэл байсан бол би дор нь устгах байлаа” гэж хариулжээ.