Талийгаач эмэгтэй У-ийн хоёр хуудас гэрээслэл олджээ

Талийгаач эмэгтэй У-ийн хоёр хуудас гэрээслэл олджээ

Өнгөрсөн сарын 29-ны өдөр /2020.05.29/ 18.00 цагийн үед Баянгол дүүргийн III дугаар хороолол, 14 дүгээр хороонд байрлах Өргөө кино театрын арын байрны 6 дугаар давхраас 30 орчим насны эмэгтэй гурав орчим сартай хүүхдээ тэвэрч үсэрсэн хэрэг гарсан. 

Үсэрсэн эмэгтэйг хүүхдийнх нь хамтаар Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү хүргэсэн ч амьд үлдэж чадаагүй юм.  Хэрэг гардаг өдөр алба хаагчид тус байрнаас хоёр эрэгтэйг сэжиглэн баривчилсан. Тус хоёр эрэгтэйн хувьд талийгаач У-ийн төрсөн дүү нар байжээ. 

Талийгаач эмэгтэйн хувьд сэтгэцийн өвчтэй, Сэтгэц мэдрэлийн үндэсний төвийн харъяанд байдаг нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Хэргийн газраас талийгаачийн хоёр хуудас гэрээслэл олсон бөгөөд тус захианд нөхрөөсөө уучлал гуйгаад ийм үйлдэл хийж байгаад уучлал хүсч байна гэсэн байна. 

Мөн өөрийнх нь хүүхдийг өөрөөс нь өөр хайрлах хүн үгүй гэж үзээд амиа хорлосон байх магадлалтай байна. Гэрээслэлийг яг өөрийн гараар бичсэн үү гэдгийг шинжилж буй бөгөөд 21 хоногийн дараа хариу нь гарах аж.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр “Гэрээслэлийг өөрийн гараар бичсэн эсэхийг шалгана” гэсэн юм. Талийгаач У нь тус байрыг түрээслэдэг байжээ. Түүний хувьд нөхөр гэх залуутайгаа таван сар орчим амьдарсан бөгөөд албан ёсоор гэр бүл болоогүй байсан байна. Мөн гурван сартай охин нь хамтран амьдрагчийнх нь хүүхэд биш болох нь шалгалтын явцад тогтоогджээ. Урьдчилсан байдлаар гэр бүлийн хүчирхийллийн шинж илрээгүй байна.