2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшсэн, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг цагдан хорих шийдвэрийг энэ сарын 11-ны өдөр шүүхээс гаргасан билээ. Түүнийг шүүх хуралд өөрийн биеэр оролцоогүй, шүүхээс нэхэмжилсэн 10 тэрбум төгрөгийн барьцааг гаргаж өгөөгүй гэдэг шалтгаанаар цагдан хорихоор болсон юм.
Энэ шийдвэрийн дагуу урд шөнө 01.00 цагт түүнийг Их тэнгэрийн аман дахь гэрээс нь дайчлан баривчиллаа.
Түүнийг Хорих 461 дүгээр ангид хорьсон юм.
Ж.Эрдэнэбатын хувьд энэ талаар "Анхнаасаа ийм шийдвэр гарах нь тодорхой байсан. Барьцааны 10 тэрбум төгрөг байршуул гэсэн шүү дээ. Ганцхан хүнд тийм их мөнгө байхгүй. Би 10 тэрбум төгрөг гаргаж өгөх нь битгий хэл сонгуулийнхаа сурталчилгаанд 10 сая төгрөг зарцуулах гээд үйлээ үзэж байна. Шүүхийн байгууллагын түүхэнд ийм их хэмжээний мөнгө байршуул гэсэн тохиолдол байхгүй юм билээ. Анхнаасаа намайг цагдан хорих зорилготой байсан. 10 тэрбумыг байршуулах хувь хүнд битгий хэл банканд ч хэцүү шүү дээ.
Засгийн газрын 256 дугаар тогтоолыг буруу гаргасан гэж намайг буруутгаж байгаа. Засгийн газрын тогтоолыг яаж гаргадгийг мэргэжилтнүүд, хуульчид сайн мэднэ.
Хуулиараа дараагийн УИХ-ын гишүүд сонгогдтол би гишүүн хэвээрээ. Гэтэл УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг үл харгалзан ийм шийдвэр гаргасанд би төдийгүй өмгөөлөгч, прокурорууд гайхаж байна. Би УИХ-ын сонгуульд өрсөлдөж байгаа нэр дэвшигч. Миний тэр төрийн тусгай хамгаалалт өнгөрч. Гэхдээ хоёр том хуулийнхаа, хоёр бүрэн эрхийн заалтыг зөрчиж буйд гайхаж байна.
Би юунаас нь айх вэ. Монголын төрөөс нэг га газар ч хулгайлаагүй, төсвийн мөнгө идээгүй. Яалт ч үгүй улс төржсөн үйлдэл. 10 тэрбум төгрөг байршуул гээд байршуулж чадахгүй болонгуут цагдан хорих болсныг улс төржиж байна гэж ойлгохоос өөр аргагүй" гэсэн юм.
Түүний хувьд Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүний хувьд төрийн тусгай хамгаалалтаас гараагүй мөн УИХ-ын гишүүний бүрэн эрх нь дуусаагүй юм. Ийм байхад баривчилж хорих нь хуулиараа хориотой аж.
Мөн аливаа баривчилгааг 18.00 цагаас хойш хийх журамгүй аж. Гэтэл шөнө 02.00 цагийн үед Ж.Эрдэнэбатыг хорьсон хууль зөрчиж байна хэмээн зарим хүмүүс ярьж байна.