Т.Бат-Оргил: Энэ СЕХ-нд би итгэхгүй байна

Т.Бат-Оргил: Энэ СЕХ-нд би итгэхгүй байна

УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль өнгөрсөн лхагва гарагт боллоо. Сонгуулийн эцсийн дүнгээр МАН үнэмлэхүй ялалт байгуулсанд бие даан оролцсон нэр дэвшигчид сонгуулийн дүнд хууль бусаар нөлөөлсөн хэмээн байр сууриа илэрхийлсэн. Тэд сонгуулийн санал тоолох үйл ажиллагаанд гаднын нөлөө орсон тул сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн юм.

Бид УИХ-ын сонгуулийн 29-р тойрог буюу Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшсэн Т.Бат-Оргилтой ярилцлаа.

Танай тойрогт юу болов. Таньд юу тохиолдсон бэ? Сонгогчдын саналын тоо яаж будлиантсан талаар яриач.

Энэ талаар ярихдаа нотлох баримт ярих ёстой. Одоогоор нотлогдож байгаа зүйл гэвэл саналын хариуг шууд дамжуулж байсан дэлгэц дээр миний нэр хамгийн доор орсон. Гайхаад харж байтал миний саналын тоон дээр таслал байсан. Тухайн үедээ гайхаад л, нягтлаагүй ч маргааш нь бичлэгийг ухраагад үзэхэд зөвхөн бие даагч нарын санал таслалтай харагдаж байсан. Бусад хүмүүсийнх дээр огт тийм таслал байгаагүй нь энэ сонгуулийн үр дүнд эргэлзэх маш ноцтой баримт болж байгаа юм. Энэ талаар мэргэжлийн хүмүүсээс тодруулахад гараараа оролдоод өөрчилсөн байх магадлалтай гэж хэлсэн. Тиймээс бид үүнийг бид нягтлах хэрэгтэй болоод байна. Энэ сонгуулийн үр дүнг би хүлээн зөвшөөрөхгүй. Энэ нь би өөрөө заавал сонгогдоно гэсэн үг биш юм. Манай монгол төр ариун байх ёстой. Хэн үнэнээрээ сонгогдсон тэр хүн л гарах ёстой. Гэтэл эрх баригчид энэ зарчмыг баримтлахгүй байгаа нь харагдаж байна. Зөвхөн МАН л байвал ялагч өөр х эн нэгэн байвал ялагдагч гэж байгаад миний зүгээс буруу л гэж үзэж байна. 

Та сонгуулиас өмнө судалгаа хийлгэсэн үү. Таны рейтинг хэдэд байсан бэ. Сонгуулийн үр дүнд ямар хүлээлттэй байсан бэ?

Би гурван долоо хоногийн туршид 500км гаруй газар алхлаа. Энэ хугацаандаа хүн бүртэй тулж уулзан санал бодлыг нь сонсож байсан. Намыг дэмжиж байгаа хүн тэр дундаа МАН-ыг дэмжиж байгаа хүн тун ховор байсан. Тэгээд бүр МАН-ын ухуулагч ирээд таныг дэмжиж байгаа шүү гэж хэлж байсан. Тоон үзүүлэлт бүхий рейтингийн судалгаа хийлгээгүй учраас нотлох баримт болж чадахгүй ч гэсэн гудамжаар явахад танд саналаа өгсөн шүү гэх хүн их байсан. Сонгуулийн үр дүнгийн талаар ч бас эргэлзсэн хүмүүс их байсан.

Хар машинд алдаа гарав уу хаанаа алдаа гарав. Энэ будлианд хэн хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна вэ? 

Энэ Сонгуулийн Ерөнхий Хороонд бид итгэхгүй байна. Тийм учраас энэ СЕХ-г татан буулгаж оронд нь бүх нам, бие даагч нарын төлөөлөл орсон нэг байгууллага байгуулах ёстой. Тэр дотроосоо сонгуулийн хэсгүүдээ гаргаж дахин сонгууль хийгээд саналыг нь гар аргаар тоолох ёстой. Тэр хар хайрцагт нь ч итгэх арга алга. Одоо дахин тооллого хийж байна. Өдийд тэр хайрцагт байгаа саналын хуудаснуудаа сольчхоо байлгүй дээ. СЕХ-оом аль саналын хайрцгийг гараар тоолохыг түүврээр сонгоод байна шүү дээ. Үүнийг олны өмнө сугалаагаар тодруулж шийдээд үйл явцыг шууд дамжуулах хэрэгтэй. Хар хайрцаг гэдэг бол хүний өгсөн даалгаврыг биелүүлдэг төхөөрөмж. Будлианы даалгаврыг хэн өгсөн бэ гэхээр энэ эрх баригч нам. Үүний цаана ямар нэг ашиг сонирхол байна гэж сэжиглэж байгаа. Гэхдээ үүнийг батлах ёстой. 

Таны ажиглагч санал авах хэсгүүд дээр байсан уу?

Ихэнх хэсэг дээр байсан. Хамгийн гол нь асуудал хүмүүстээ биш гэдгийг хэлмээр байна. Сонгогчид ирээд өөрсдийнхөө сонголтыг хийсэн. Үүнийг нэгтгэсэн хэсэг дээрээ байна уу, хар хайрцагтаа байна уу гэдгийг таашгүй. Бусад хөгжингүй орнууд бүгд л гараараа тоолж байна. Уг нь бол тэд манайхаас ч илүү төвшний хар хайрцаг ашиглах боломжтой шүү дээ.

СЕХ болон бусад холбогдох албан тушаалтнууд зохих ёсны арга хэмжээг авахгүй бол яах вэ?

Бид одоогоор баримтуудаа цуглуулаад явж байна. Олон улсын байгууллагад хандана гэж төлөвлөнө гэж бодож байна.

Зарим хүмүүс сонгуулийн мажоритар системээс үүдэж ихэнх иргэд төлөөлөлгүй байна гэх зүйлийг ярьж байна. Жишээлбэл таны нэр дэвшсэн тойргоос сонгогдсон гурван нэр дэвшигч ердөө 30 гаруйхан хувийн саналаар гарч ирлээ. Энэ талаар байр сууриа илэрхийлээч?

Асуудал дан ганц сонгуулийн системдээ ч биш. Монгол улсын сонгуулийн тогтолцоог бүхэлд нь өөрчлөх ёстой. Намуудыг татан буулгаж, бодлогын намуудыг бий болгох ёстой. Энэ юу гэсэн үг вэ гэхээр намууд гишүүнчлэлгүй байх ёстой. Одоо бол сонгууль маань аль нам хамгийн их гишүүнтэй вэ гэдэг л уралдаан болчхоод байна. Тэгэхээр үеэ өнгөрөөсөн ангийн тэмцлийн үеийн намаас татгалзах хэрэгтэй болчхоод байна. 

Та цаашид яах төлөвлөгөөтэй байна вэ. Дараачийн сонгуульд нэр дэвших үү?

Улс төрд нэгэнт орсон бол ухрах зам байдаггүй. Улс орныхоо сайн сайхны төлөө явах л болно. Хамгийн харамсалтай нь энэ эрх баригчид өөрсдөө юу ч хийж чадахгүй байна. 30 жил энэ улсыг унагачихлаа. Шинэ хүмүүс гарч ирээд юм хийх гэхээр зайгаа тавьж өгөхгүй байгаа нь туйлийн харамсалтай. Аравхан жилийн дотор энэ улсыг Солонгосын дайтай болгох боломж байна. Гэтэл эрх баригчид нөгөө л нэг эсгий тавчик, нүүрсээ ярьсаар л явна шүү дээ. 

 

Ярилцсанд баярлалаа.