ОБЕГ: Хэнтийд аялж явсан 12 хүний гурав нь усанд осолджээ

ОБЕГ: Хэнтийд аялж явсан 12 хүний гурав нь усанд осолджээ

Аялал зугаалгын улирал эхэлж, хөдөө орон нутгийг зорих иргэдийн урсгал хөдөлгөөн нэмэгдэж байна. Иргэдийн хувьд гол нуурын эргээр зугаалахдаа сонор сэрэмжтэй байхыг Онцгой байдлын ерөнхий газар сэрэмжлүүлж буй. Тус газарт өчигдөр /2020.07.02/ бүртгэгдсэн ослын дуудлага мэдээллийг тоймлон хүргэе.

ТААНА, МАНГИР ТҮҮХЭЭР ЯВААД СУРАГГҮЙ АЛГА БОЛЖЭЭ

-Хэнтий аймгийн Баянмөнх сумын Баянбулаг багийн “Жаргалант” гэдэг газарт аялж байсан 12 хүний гурав нь “Хэрлэн” голд осолджээ. Энэ тухай дуудлага мэдээлэл зургадугаар сарын 26-ны 19.00 цагийн орчимд аймгийн Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлсний дагуу алба хаагчид эрэн хайх аврах ажиллагааг эхлүүлжээ. Тодруулбал, 32 настай эрэгтэй Г, 31 настай эрэгтэй М, 20 настай эрэгтэй М нар усанд осолдсон байна.  Эрэн хайх багийн алба хаагчид иргэн М-ын цогцсыг зургадугаар сарын 29-нд усанд осолдсон газраас зүүн зүгт 6 км-т “Жаргалангийн зүүн-Үзүүр” гэдэг газраас олсон бол маргааш нь /2020.06.30/ “Жаргалангийн-Үзүүр гэдэг газраас иргэн Н-ын цогцсыг, өчигдөр /2020.07.01/ “Жаргалант толгой” гэдэг газраас “Хэрлэн” голын эрэг дээрээс иргэн Г-ын цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Мөн тус аймгийн Дадал сумын Балж багийн “Цагаан чулуут” гэдэг газарт аймгийн харьяат 39 настай малчин Б нь таван настай эмэгтэй С нар “Хярхан” голын эргээс таана, мангир түүхээр зургадугаар сарын 23-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болжээ. Алга болсон иргэдийг эрэн хайх ажиллагааг Онцгой байдлын ерөнхий газраас үргэлжлүүлж байна.

-Дархан-Уул аймгийн Хонгор сумын хоёрдугаар багийн “Хүйтний гол” гэдэг газар тус сумын харьяат малчин Б-ийн туслах малчин нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Л /30 настай, эрэгтэй/ зургадугаар сарын 25-нд сураггүй алга болжээ. Аймгийн онцгой байдлын алба хаагчид болон цагдаагийн байгууллагынхан сураггүй алга болсон иргэнийг өчигдөр /2020.07.01/ 13.18 цагийн үед Орхон сумын Баян-Өлзийт багийн “Хөшөөт” гэдэг газраас эсэн мэнд олсон байна. Алга болсон иргэн баруун хөл нь гэмтсэн байдалтай олдсон байна.

Усанд осолдсон дуудлага мэдээллээс гадна ахуйн болон ой хээрийн гал түймэр Онцгой байдлын ерөнхий газарт бүртгэгджээ. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн “Нүхтийн хад” гэдэг газарт өчигдөр /2020.07.01/ гал түймэр гарч нэг га талбай шатжээ. Мөн Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн “Баянголын-Эх” гэдэг газарт нэг га талбай шатсан байна. Түймрийг өчигдөр 23.00 цагийн үед цурманд оруулсан байна.