Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан болон ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр нарын шүүх хурлыг ирэх сарын 17 хүртэл хойшлуулсан талаар өнөөдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээлэв.
Нийслэлийн прокурорын газраас Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, мөн хуулийн 11.4-1 хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатайгаа учруулах гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.
Түүнчлэн Архангай аймгийн ИТХ-ын дарга Б. Өсөхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд шүүх хуралдааныг энэ сарын 10-нд товлосон. Гэвч шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Мөнхбаяр, Б.Баттөр нар хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй тул шүүх хуралдааныг ирэх сарын 17-ны 10 цаг хүртэл хойшлуулжээ.