Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх танхимд Сангийн сайд асан С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан, Б.Ариунсан нарыг шүүх хурал зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Шүүхээс Б.Бямбасайхан, Да.Ганболд, С.Баярцогт нарт авсан байсан хорих шийдвэрийг хүчингүй болгон, батлан даалтад гаргасан юм.
Шүүх хуралдаан түр завсарлах үед шүүгдэгч Б.Бямбасайханы өмгөөлөгч Н.Цогт сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үедээ “Шүүх хуралдаанаар өчигдөр нотлох баримтыг шинжлэн судалж дууссан. Өмгөөлөгч нар цагаатгах талын байр суурьтай байгаа дүгнэлтүүдээ хэлсэн. Өчигдрийн шүүх хуралдаанаар нотлох баримтууд хангалтгүй гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтээр ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байгаа нь Сангийн яам хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байхад Сангийн яам өөрөө хохирогч болж, Сангийн яамны хийгээгүй ажилд өөр хүмүүсийг буруутгаж байна. Энэ бол Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн л хүлээж авах ёстой асуудал. Үүнд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг мэдүүлэг өгөх ёстой. Тиймээс хуульч өмгөөлөгчид гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж байна. Дээр нь манай үйлчлүүлэгч 2015 онд төрийн алба хааж байгаагүй. Төрийн албан хаагч биш. Тийм учраас хууль бусаар цуглуулсан нотлох баримтыг хасч өгнө үү гэсэн хүсэлтээ өгөөд байна. Миний зүгээс цагаатгах ёстой гэж үзэж байна” хэмээн мэдээллээ.