Иргэдийн амралт зугаалгын улирал эхэлж, хүмүүс хөдөө орон нутгийг ихээр зорьж байна. Харин үүнийг дагаад зам тээврийн осол буурахгүй байгааг албаны эх сурвалжууд мэдээлж байна. Тодруулбал, өчигдөр /2020.07.19/ Дорноговь аймагт зам тээврийн ослын улмаас гурван иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.
Хэргийг тодруулбал, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон-Овоод багийн “Олон-Овоо” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 5 км, Айраг сумын төвөөс хойд зүгт 30 км-т/ хоёр автомашин мөргөлдөж автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 07.19-ний өдрийн 08:02 цагт Онцгой байдлын албан хаагчид хүлээн авсан байна.
Ингээд Онцгой байдлын газрын алба хаагчид 30 км замыг туулан 08:38 цагт очиход Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын төвөөс Улаанбаатар хотын чиглэлд 5 зоригчтой зорчиж явсан “Алион” загварын суудлын автомашин, “Хонда инсайт” загварын суудлын автомашинтай мөргөлдөж Дорноговь аймгийн Даланжаргалан сумын харьяат иргэн О /60 настай, эмэгтэй/, Э /60 настай, эрэгтэй/, Б /58 настай, эрэгтэй/ нар нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.