13-р зууны үеийн занданшуулсан шарилыг улсын хилээр гаргахыг завджээ

13-р зууны үеийн занданшуулсан шарилыг улсын хилээр гаргахыг завджээ

Энэ оны нэгдүгээр сард буюу цар тахалтай холбоотойгоор хил хааж амжаагүй байх үед улсын хилээр “13-р зууны үеийн цэргийн занданшуулсан шарилыг  авс гэж худал мэдүүлэн гаргах гэж байсныг “ Гаалийн Ерөнхий Газар илрүүлэн, таслан зогсоожээ. Хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа одоог хүртэл үргэлжилж байна.

Уг хэргийг үйлдсэн этгээд нь хувь хүн биш хуулийн этгээд буюу аж ахуйн нэгж байжээ. Тэрээр хилээр гаргах бичиг баримтад худал мэдээлэн, 13-р зууны үеийн цэргийн занданшуулсан шарилыг дагалдах зэвсэг хэрэгсэлтэй нь хил гаргахаар төлөвлөж байжээ.

Энэ талаар Гаалийн ерөнхий газрын албаны дарга Б.Сүхбаатар “2020 оны нэгдүгээр улиралд Монгол Улсын хуулийн этгээд 13 дугаар зууны үеийн баатар эрийн мумми байж болзошгүй хатаасан шарил болон эд хэрэгслийн хамт улсын хилээр гаргахаар гаалийн мэдүүлэг хийх явцдаа худал мэдээлсэн,  холбогдох дагалдах эд хэрэгслийг бүрэн мэдүүлээгүй зөрчлүүд илэрсэн.

Гаалийн байгууллагын зүгээс хуулийн харьяаллын дагуу энэ хэргийг шалгаад цагдаагийн байгууллагад  шилжүүлэн шалгуулж байгаа. Үүнд мэргэжлийн байгууллагын дүгнэлт эцэслэн гараад хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын ажил дууссаны дараа цагдаагийн байгууллагаас тодорхой мэдээллүүдийг өгөх байх. Тухайн занданшуулсан шарилыг хосгүй үнэт өвд бүртгээгүй байсан. Хаанаас ямар зорилгоор авч, улмаар хилээр гаргах гэж байсан ч тодорхойгүй байна.  Энэ төрлийн гэмт хэрэг өмнө нь бүртгэгдэж байсан. Тухайн хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа болохоор нарийн мэдээлэл өгөх боломжгүй” гэж мэдээлсэн юм.