ВИДЕО: АНУ-д ял сонссон хоригдол гаваа мултлан цагдаа нарыг зодож, зугтахыг оролджээ

ВИДЕО: АНУ-д ял сонссон хоригдол гаваа мултлан цагдаа нарыг зодож, зугтахыг оролджээ

АНУ-ын Охио мужийн Колумбиана тойргийн шүүхийн байранд ялтан, хууль сахиулагчид руу халдаж, оргохыг завдсан хэрэг гарчээ. Уг үйл явдлын хяналтын камерын бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаж, шуугиан тариад байна.

Тодруулбал, Охио мужийн Уэллсвилл хотын оршин суугч, 20 настай Тимоти Ж. Риггл нь хулгай, танхайрал, хууль сахиулагчийн шаардлагыг биелүүлээгүй гэх хэргээр шүүхээс нэг жилийн хорих ял сонсоод байсан аж. Шүүх хурал дууссаны дараа түүнийг хууль сахиулагчид тусгаарлах өрөө рүү хүргэж явсан байна. Энэ үед Риггл урд талдаа хийлгэсэн байсан гаваа гэнэт мултлан авч, өөрийг нь харгалзаж явсан шүүхийн хамгаалагч Кит Торны нүүр, хоолой руу хүчтэй цохин газарт унагажээ. Тэрбээр цааш зугтах замдаа өөдөөс нь ирж явсан өөр нэг хамгаалагч Стив Бойдыг мөргөж унаган  шатаар уруудан маш хурдтай гүйсэн байна. Хоригдол шүүхийн байрны гол хаалгаар гарахаас хэдхэн секундийн өмнө нэмэлтээр ирсэн цагдаагийн ажилтнууд түүнийг цахилгаан гүйдлээр цохигч буу ашиглан унагааж,  газар дээр нь баривчилжээ.

Тойргийн Шериф Брайан Маклафлины мэдээлснээр, Тимоти Ригглийг одоогоор урьдчилан хорих төвд чанга дэглэмд тусгаарлаад байна. Тэрбээр өмнөх нэг жилийн ялаа эдлэхээс гадна "Хууль сахиулагчийн биед халдсан", "Оргохыг завдсан хүнд гэмт хэрэг" гэсэн шинэ заалтуудаар дахин эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж эхэллээ. АНУ-ын хуулиар хууль сахиулагчийн биед халдсан үйлдэлд маш чанга ял оноодог тул түүний хоригдох хугацаа хэдэн жилээр нэмэгдэх нь тодорхой болоод байна” гэжээ.

ВИДЕО: