БНХАУ-д бэлэглэсэн 30 мянган толгой хонь Монголоос гараагүй байна

БНХАУ-д бэлэглэсэн 30 мянган толгой хонь Монголоос гараагүй байна

БНХАУ-д коронавирусийн халдвар энэ оны нэгдүгээр сараас газар авч, тус улсын нийгэм, эдийн засгийн байдал хүнд байх үед /2020.02.27/ Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсад албаны айлчлал хийж, Монголын ард түмнээс “30 мянган толгой хонь” бэлэглэж байгаа тухайгаа мэдэгдсэн. 

Харин эдгээр хонины нэлээдгүй хэсэг нь иргэд, аймаг орон нутгийн хандиваар бүрдээд байгаа юм. 

Мөн Монголын ард түмнээс хандивлаж байгаа 30 мянган толгой хонийг БНХАУ-ын тал “амьдаар авах хүсэлтэй” буйгаа уламжилсан бөгөөд манай Гадаад харилцааны яам болоод Мал эмнэлгийн үржлийн газар тус асуудал дээр ажиллаж байгаа гэх эх сурвалж мэдээлэл ч бий. 

Улмаар "30 мянган толгой хонь" цуглуулахад ямар зохион байгуулалт хийгдэж, хэрхэн эздэдээ очих талаар өгүүлэх баримтат киног манай улсын ТВ2 телевиз болон БНХАУ-ын ССTV /China Center television/ хамтран бүтээж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл Монголын ард түмнээс БНХАУ-д хандивласан 30 мянган толгой хонь одоогоор Монголоос гараагүй байгаа ажээ. Энэхүү асуудлыг Гадаад харилцааны яам, ХХААХҮЯ-ууд хариуцан ажиллаж байгаа юм байна. Мөн энэ талаарх мэдээллийг энэ долоо хоногийн Баасан гарагийн 12 цагт сэтгүүлчдэд өгч магадгүй байгаа юм байна. 

Сонирхуулахад, өнгөрөгч дөрөвдүгээр сард Улсын онцгой комиссоос мэдээлэл хийх үеэрээ “БНХАУ-ын талтай хэрхэн хүлээлгэж өгөх тал дээр төлөвлөгөөгөө боловсруулж байгаа. 30 мянган толгой хонь бэлэн байгаа. Хятадын тал маргааш авна гэсэн ч бид хүлээлгэн өгөхөд бэлэн байна” гэж мэдэгдэж байсан билээ.