Дональд Трамп TikTok-ийг эзэмшигч компанид бизнесээ зарах 45 хоногийн хугацаа өглөө

Дональд Трамп TikTok-ийг эзэмшигч компанид бизнесээ зарах 45 хоногийн хугацаа өглөө

Бээжинд төвтэй Хятадын технологийн компани ByteDance-ийн эзэмшдэг TikTok сошиал платформыг Трампын засаг захиргаа хэрэглэгчийн мэдээллийг Хятадын тагнуулын албатай хуваалцдаг нь үндэсний аюулгүй байдалд харшилж байна гэсэн шалтгаанаар хориглох тухай ярьж эхэлсэн билээ.

Тэгвэл Ерөнхийлөгч Дональд Трамп тус компанид АНУ дахь салбар бизнесээ зарах 45 хоногийн хугацаа өгсөн талаараа мэдээллээ. Хэрэв Хятадын “ByteDance” компани есдүгээр сарын 15-аас өмнө бизнесээ Америкийн ямар нэгэн компанид зарж чадахгүй бол Америкид үйл ажиллагааг нь бүрэн зогсоож, иргэд ашиглахыг хориглохоор болжээ.

Мөн энэхүү худалдааны дүнгээс  АНУ-ын засаг захиргаа тодорхой хэмжээний хувь хүртэх ёстой гэж үзсэн байна. Тэрээр  Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр энэ талаар ярихдаа

“Ямар ч үнээр зарагдсан байсан их хэмжээний хувь шимтгэл авах болно. Учир нь манай засаг захиргаа ийм наймаа хийх боломж олгож байгаа. Энэ бол газрын эзэн, түрээслэгчийн хоорондын харилцаатай адилхан зүйл” гэж мэдэгджээ.

Гэсэн ч хувийн компаниудын наймаанд эрх баригчид оролцож байгаагүй тул Трампын ярьж буй хувь шимтгэл хэрхэн хэрэгжих нь тодорхойгүй байна.Одоогоор тус платформын зах зээлийн үнэлгээ $50 тэрбум хүрээд байгаа билээ.

Эх сурвалж: Reuters