Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотын олон улсын нисэх онгоцны буудалд бямба гараг /2026.10.10/-т халдлага болж, 12 хүн амиа алдан, 309 хүн шархадсан тухай тус улсын Иргэний нисэхийн байгууллага мэдээлсэн байна.
Амиа алдсан хүмүүсийн дөрөв нь Саудын Арабын, хоёр нь Бангладешийн иргэн байсан бол АНУ, Иордан, Палестин, Сири, Судан, Египетийн иргэд тус бүр нэг байжээ. Халдлагын дараа нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг зогсоож, нислэгүүдийг өөр чиглэлд шилжүүлсэн байна. Шархадсан хүмүүсийг түргэн тусламжийн машин болон нисдэг тэргээр эмнэлэгт хүргэсэн бөгөөд заримынх нь биеийн байдал хүнд байсан аж.
Энэ долоо хоногт тус нисэх онгоцны буудалд өмнө нь хоёр удаа халдлага болж, дөрвөн хүн амиа алдан, Саудын Арабын арилжааны нисэх онгоц гэмтсэн гэж мэдээлэлд дурджээ.
Ираны дэмжлэгтэй Хути бүлэглэл халдлагыг үйлдсэн гэдгээ хараахан хүлээн зөвшөөрөөгүй байгаа ч Саудын Араб тэргүүтэй цэргийн эвсэл хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Саудын Арабын Хути бүлэглэлийн эсрэг явуулж буй цэргийн ажиллагаанд нэгдэх боломжийг судалж байгаагаа сэтгүүлчдэд хэлжээ.
Саудын Араб болон Йемений засгийн газрын хүчин Хути бүлэглэлийн хяналтад байгаа бүс нутгуудад цохилт өгч байгаа бөгөөд тус бүлэглэл эдгээр довтолгооны улмаас энгийн иргэд, тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдүүд амиа алдсан гэж мэдэгдсэн байна. Гэвч уг мэдээллийг бие даан баталгаажуулах боломжгүй байгааг Reuters агентлаг онцолжээ.
Саудын Араб 2015 онд Йемений засгийн газрыг дэмжин, Хути бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаанд оролцож эхэлсэн. Олон жил үргэлжилсэн мөргөлдөөний улмаас Йеменд хүмүүнлэгийн хямрал гүнзгийрч, олон зуун мянган хүн амиа алдсан гэж мэдээлдэг. Хути бүлэглэл мөн Улаан тэнгисийн стратегийн ач холбогдолтой Баб-эль-Мандебийн хоолойн орчимд байр сууриа бэхжүүлж, бүс нутгийн аюулгүй байдалд нөлөөлж байна.
Эр-Риядын нисэх онгоцны буудалд болсон халдлагын дараа АНУ-ын Элчин сайдын яам тус улсын иргэдэд нисэх онгоцны буудал болон ойр орчмын бүсэд очихоос зайлсхийхийг зөвлөжээ. Мөн хэд хэдэн агаарын тээврийн компани Эр-Рияд руу хийх нислэгээ түр зогсоох эсвэл цуцалсан байна.
Эх сурвалж: Reuters