ВИДЕО: Жорж Флойдын аминд хүрсэн цагдаагийн энгэрийн камерын бичлэг ил болжээ

ВИДЕО: Жорж Флойдын аминд хүрсэн цагдаагийн энгэрийн камерын бичлэг ил болжээ

Өнгөрсөн тавдугаар сард Америкид арьс өнгөний үзлийн эсрэг томоохон тэмцэл өрнөхөд хүргэсэн Жорж Флойдыг баривчилсан цагдаа нарын энгэрийн камерын бичлэг олон нийтэд ил болжээ. Бичлэгээс тухайн үед юу болсон талаар мэдэж болох бөгөөд цагдаа нар эхэндээ түүн рүү буу тулган машинаас гарахыг шаардахад Жорж Флойд “Намайг үнэхээр уучлаарай. Эрхэм ээ. Намайг битгий буудаач. Миний буруу” хэмээн гуйсан байна. Машинаас буусны дараа тэрээр амиа алдах хүртлээ “Эрхэм ээ. Би амьсгалж чадахгүй байна” гэж хэлсээр байжээ.

Нийтэд тарсан бичлэгээс түүнийг ямар нэгэн аюул учруулахаар биш байсан хэмээн иргэд үзэж, дургүйцлээ илэрхийлсээр байна. Флойдын гэр бүлийн өмгөөлөгч Бен Крам “Энэ бичлэгээс Жорж Флойд ямар нэг аюул учруулахааргүй байсан гэдгийг харж болохоор байна. Хэрэв бичлэг тараагүй байсан бол Жорж Флойдын эсрэг үйлдсэн хэргийг дэлхий даяар мэдэхгүй өнгөрөх байсан” гэжээ.

Бичлэгийг анх долдугаар сарын 7-ны өдөр шүүхэд өмгөөлөгч Кэхилл нотлох баримт хэлбэрээр өгч, олон нийтэд дэлгэхгүй байхыг хүссэн байна. Харин өчигдөр “Daily Mail” бичлэгийг дэлгэжээ. Одоогоор тэд бичлэгийг хэрхэн олж авсан талаараа тайлбар хийгээгүй байгаа юм. Прокурорын газраас “Бичлэгийг гадагш алдаагүй. Бид шүүх үйл явцыг шударга байлгахын төлөө чанд арга хэмжээ авах болно” хэмээжээ. Жорж Флойдын хэргийн улмаас цагдаагийн дөрвөн албан хаагч ажлаасаа халагдаж, офицер Шовеныг хүн амины хэрэгт буруутгасан. Мөн хамт байсан гурван цагдааг хүн амины хэрэг үйлдэхэд тусалсан, өдөөн хатгасан хэмээн эрүү үүсгээд байгаа юм.

Эх сурвалж: CNN