БИДНИЙ ТУХАЙ: Монголчууд манай улсад хүнд хөдөлмөр эрхэлж, сайд нь Ганнамд байр эзэмшиж буй нь шударга бус хэрэг

БИДНИЙ ТУХАЙ: Монголчууд манай улсад хүнд хөдөлмөр эрхэлж, сайд нь Ганнамд байр эзэмшиж буй нь шударга бус хэрэг

Ерөнхий сайд С.Баяр хэдхэн хоногийн өмнө АНУ дахь өөрийн эзэмшлийн долоон хаусны асуудлаар шүүхээс таван жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Үүнтэй зэрэгцээд цахим орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Монголын нэр бүхий сайд Өмнөд Солонгосын Ганнам дүүрэгт гурван орон сууц эзэмшдэг гэсэн мэдээ гарч шуугиан тариад байгаа билээ.

Энэ талаар БНСУ-ийн хэд хэдэн мэдээллийн сайтад “Монголын нэгэн сайд Ганнамд гурван байртай. Дэлхийн нийтэд коронавирусийн халдвар гарсан ч Монголын сайд Ганнам дахь үл хөдлөх хөрөнгөө авч үлдэхээр болсон гэж сонссон" хэмээн Солонгосын Засгийн газрын албан тушаалтан ярьсан тухай нийтэлсэн нь олны таамгийн сэжүүр болов.

Тэгвэл хэдхэн өдрийн өмнө /2020.08.02/ Өмнөд Солонгосын татварын алба Солонгост үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг гадаад иргэдийг татвар төлөхөөс зайлсхийсэн байх магадлалтай гэсэн шалтгаанаар шалгахаа мэдэгдсэн юм. Гагцхүү тэр шалгалтаар нэр нь үл мэдэгдэх Монголын сайд илэрнэ хэмээн олон нийт чих тавьж байна. Түүнчлэн тэрхүү “хэргийн эзэн хэнгэргийн дохиурыг” уул уурхайн асуудалтай нэр холбогдож, хууль хүчний байгууллага тэр хэргийг нь үргэлжлүүлэн шалгах явцад Ганнам дахь гурван хаус нь илэрсэн байж болзошгүй хэмээн нэр бүхий сонины сэтгүүлч бичжээ.

Харин Солонгос иргэд энэ мэдээг сонсоод байр эзэмшиж буй гадаад иргэдийг шалгах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлжээ.

Тэднийг эх орондоо татвар төлөхөөс зайлсхийсэн, мөн тухайн орон сууцыг ашиглаж орлого олсон ч тус улсад татвар төлөөгүй байж мэднэ гэж үзэж байгаа юм байна. Харин Монголын сайдын тухай нэгэн Солонгос иргэн бичихдээ “Ганнам дүүргийн байрууд энгийн иргэд дийлэхээргүй үнэтэй байдаг. Гэтэл дэлхийн эдийн засгийн хямралын үеэр Монголын нөлөө бүхий эрхэм яаж бүхэл бүтэн гурван байр эзэмших болов. Хэрэв тэр улсынхаа мөнгөөр хууль бусаар тэдгээр байрыг худалдаж авсан бол Монголчууд хариуцлага тооцох биз” гэсэн бол өөр нэгэн иргэн “Монголчууд манай улсад хууль бусаар орогнож хүнд хөдөлмөр эрхэлж байхад улс төрийн гишүүн нь тийм үнэтэй байр эзэмшиж байгаа нь шударга бус юм” гэсэн сэтгэгдлийг үлдээжээ. Мөн маш олон хүн Ганнамд байр эзэмшиж буй гадаад иргэдэд дургүйцсэн өнгө аяс бүхий сэтгэгдлүүдийг үлдээж, шалгалтыг нэн даруй хийхийг шаарджээ.