Ганнамд 3 орон сууцтай сайдын мэдээллийг Монгол руу илгээнэ гэв

Ганнамд 3 орон сууцтай сайдын мэдээллийг Монгол руу илгээнэ гэв

Өмнөд Солонгосын Ганнам дүүрэгт гурван орон сууцтай Монгол сайдын талаарх мэдээлэл сүүлийн үед хэвлэлүүдээр тараад байгаа билээ. БНСУ-ын Үндэсний татварын алба сүүлийн гурван жилд Солонгосоос хамгийн багадаа хоёр орон сууц худалдан авсан гадаадын 42 иргэнд шалгалт хийж, тэднийг түрээсийн орлого, хөрөнгө орлогын татвараас зайлсхийсэн хэрэгт сэжиглэж байгаа талаар мэдэгдсэн.

Энэ талаар БНСУ-ын Татварын албаны Мөрдөн шалгах асуудал эрхэлсэн комиссарын туслах Лим Кван Хюн “Солонгост орон сууцтай гадаадын иргэдийг татвараас зайлсхийхийг оролдсон хэргээр шалгахаар болсон. Тэд орон сууц худалдан авч байгаа солонгос иргэдтэй ижил татвар төлөх ёстой. Гадаадын иргэдийн худалдаж авсан орон сууцны 32.7 хувь нь худалдаж авсан цагаасаа хойш хоосон байгаа нь амьдрах зорилгоор аваагүйг харуулж, сэжиг төрүүлж байна. Иймд бидний энэ хүчин чармайлт орон сууцны үнийн хөөрөгдлөөс сэргийлэхэд тусална гэдэгт итгэлтэй байна” гэж хэлжээ.

Түүнчлэн тус улсын Татварын албанаас Ганнамд байр эзэмшиж буй гадаад иргэдийн мэдээллийг өөрсдийн оронд нь шилжүүлэхээр төлөвлөсөн гэж мэдээлжээ. Солонгост гадаадын 1036 иргэн 2467 орон сууц эзэмшдэг гэсэн тоон судалгаа бий. Эдгээр хүмүүсийн 886 нь хоёр, 105 нь гурав, 65 нь дөрөв болон түүнээс олон орон сууцтай гэжээ.

Эх сурвалж: Koreatimes