Цагаан ордонд халдсан сэжигтэй этгээдийг буудаж, шархдуулжээ

Цагаан ордонд халдсан сэжигтэй этгээдийг буудаж, шархдуулжээ

Өчигдөр/2020.08.10/ Ерөнхийлөгч Дональд Трампыг Цагаан ордонд хэвлэлийн хуралд оролцож байх үеэр буун дуу гарчээ. Түүнийг сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөр индэр дээр гармагц, хамгаалалтын ажилтан ирж дагуулан гарсан байна. Гэвч хэдхэн минутын дараа ерөнхийлөгч буцан ирж хурлаа үргэлжлүүлжээ.

Трамп хэлэхдээ “Дөнгөж сая Цагаан ордны ойролцоо сэжигтэй этгээд хамгаалалтын ажилтанд буудуулсан байна. Сэжигтэн одоо эмнэлэгт хүргэгдэж байгаа” гэжээ.

Түүнээс сэтгүүлчид айж, сандарсан эсэхийг асуухад “Огтоос үгүй. Миний хамгаалалтын албаныхан маш өндөр зэрэглэлд бэлтгэгдсэн, гайхалтай хүмүүс байдаг. Тэд намайг хамгаалж байхад би ерөөсөө айдас мэдэрдэггүй. Тэднийг хариуцлагатай, сайн ажиллаж байгаад талархал илэрхийлье” гэжээ.

Цагаан ордонд буун дуу гарч байгаа нь анх удаагийнх биш юм. Өмнө нь 2016 онд нэг зэвсэглэсэн этгээд Цагаан ордны хашаа руу ойртож, хамгаалалтын албаныханд буудуулсан байдаг. Тухайн үед ерөнхийлөгч Барак Обама гольф тоглохоор Цагаан ордноос явсан байжээ.

Эх сурвалж: CNN