БНСУ-д согтуу монгол жолооч осол гаргасны улмаас нэг хүн амь эрсдэж, 12 хүн хохирчээ

БНСУ-д согтуу монгол жолооч осол гаргасны улмаас нэг хүн амь эрсдэж, 12 хүн хохирчээ

БНСУ-ын Инчон хотын хурдны зам дээр согтуу монгол жолооч осол гаргасны улмаас нэг хүн амь эрсдэж, 12 хүн гэмтэж, эд хөрөнгөөрөө хохирчээ. Тодруулбал, тус иргэн автомашинтайгаа хурдны зам дээр зогссоноос хэд хэдэн машин ар араасаа мөргөлдөж, зам тээврийн ноцтой осол гарсан байна. 

Инчоны цагдаагийн газрын мэдээлж буйгаар осол наймдугаар сарын 16-ны шөнө 02:20 цагт гарсан бөгөөд. "Киа K5" маркын машин жолоодож явсан согтуу монгол иргэн Инчоны Кёнги дүүрэг дэх хоёрдугаар Кёнгин хурдны замын Анхён уулзварын ойролцоо нэгдүгээр эгнээнд машинаа зогсоосноос осол үүсчээ.

Удалгүй түүний араас мөн ижил “Киа К3” маркын болон Туксон маркын хоёр машин хурдтайгаар ирж мөргөж,  ослын хажуугаар хурдаа хасан явсан таксиг нэгэн портер араас нь мөргөсөн осол болжээ. Ослын улмаас К5 машины зорчигчийн суудалд зорчиж явсан 33 настай монгол иргэн нас барж, бусад 12 хүн хүнд, хөнгөн бэртэж, ойролцоох эмнэлэгт хүргэгджээ.

Жолооч нараас цусны шинжилгээ авч үзэхэд К5 машин жолоодож явсан монгол жолоочийн цусанд алкохоль 0.08 болон түүнээс дээш хувьтай гарсан аж. Мөн тэрбээр жолооны эрхээ хасуулсан байжээ. Цагдаа нар ослын нарийн шалтгааныг тодруулахаар мөрдөн байцаах ажиллагаа эхлүүлжээ.

Эх сурвалж: Yonhap, Hankyung