Маврикийн эрэгт осолдсон их хэмжээний газрын тостой хөлөг хоёр хуваагджээ

Маврикийн эрэгт осолдсон их хэмжээний газрын тостой хөлөг хоёр хуваагджээ

Маврикийн эрэгт осолдож их хэмжээний газрын тос далайн усанд алдаж байсан Японы хөлөг онгоц хоёр хуваагджээ. Өнгөрсөн долдугаар сарын 25-нд Африк тивийн зүүн эрэг дагуу байрлах Бүгд найрамдах Маврики улсын эрэгт Японы тээвэрлэгч “МВ Вакашио” хөлөг онгоц шүрэн хадтай мөргөлдөж, осолдсон билээ.

Тус хөлөг онгоц нь БНХАУ-аас Бразиль руу газрын тос тээвэрлэж явсан юм. Хөлөг осолдсоны дараагаар зорчигчид болон хөлгийн багийнхныг аюулгүй газар шилжүүлсэн ч тээвэрлэж явсан их хэмжээний газрын тос далайн усанд асгарч эхэлснээр Маврикийн эрх баригчид онц байдал зарлахад хүрсэн. 

Их хэмжээний газрын тос далайд алдагдаж эхэлсэн тул Маврикигийн эрх баригчид олон улсаас тусламж гуйсан ч дорвитой алхам хийгдээгүй байна. Хэдий нутгийн олон мянган сайн дурынхан болон байгаль хамгаалагчид газрын тосыг цэвэрлэхээр хүчээ нэгтгэн ажиллаж байгаа ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа талаар тус улсын хэвлэлүүд бичжээ.

Хөлөг хоёр хуваагдсанаар хэдий хэмжээний газрын тос асгарсныг одоогоор тогтоогоогүй байна. Гэсэн хэдий ч өнгөрсөн долоо хоногт тээврийг удирдан зохион байгуулж байсан "Мицүй О.С.К. Лайнс" компани онгоцны банкнаас 1180 тонн түлш асгарснаас, 460 тонн орчмыг нь далайн уснаас шүүж авсан хэмээн мэдээлсэн юм. Хөлөг онгоцонд нийт 3800 тонн газрын тос, 200 тонн диезл шатахуун тээвэрлэж явжээ.

Эх сурвалж:CNN