Александр Лукашенко: Намайг хөнөөх хүртэл энэ улсад дахин сонгууль болохгүй

Александр Лукашенко: Намайг хөнөөх хүртэл энэ улсад дахин сонгууль болохгүй

Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко өчигдөр /2020.08.17/ Минск хотын нэгэн үйлдвэрийн ажилчидтай уулзах үеэрээ “Та нар шударга сонгуулийн тухай ярьж, шударга сонгууль явуулахыг хүсч байна. Бид аль хэдийн сонгуулиа зохион байгуулчихсан. Намайг хөнөөх хүртэл энэ улс оронд дахин шинэ сонгууль болохгүй” гэжээ. Түүний энэ үгэнд дургүйцсэн олон мянган иргэн эсэргүүцлээ илэрхийлж, түүнийг огцрохыг шаардсан байна.

БЕЛАРУСИЙН ТҮҮХЭНД АНХ УДАА СОНГУУЛИЙН ҮР ДҮНГ ЭСЭРГҮҮЦСЭН ЖАГСААЛ БОЛЖ БАЙНА

1994 оноос хойш 9.4 сая хүн амтай улсыг тасралтгүй удирдаж буй Александр Лукашенко өнгөрсөн Ням гарагт болсон сонгуулиар зургаа дахь удаагаа сонгогдсон ч иргэдийн ширүүн эсэргүүцэлтэй тулгараад байгаа. Иргэд сонгуулийн санал хураалтад будлиан орсон гэж үзэн,  Лукашенкогийн ялалтад үл итгэж байгаагаа цахим сүлжээгээр илэрхийлж эцэстээ эсэргүүцлийн жагсаал хийж эхэлсэн.

Түүнчлэн коронавирусийн халдварын улмаас тус улс интернетээр сонгуулиа явуулсан нь будлиан үүсгэх гол нөхцөл бүрэлдсэн гэж иргэд үзэж байгаа юм. Сонгуулийн үеэр интернетийн сүлжээ муу байсныг BBC онцолсон.

Эрх чөлөөт сонгууль явуулахыг уриалсан сэтгүүлч, эмч, багш нар гэх мэт нийгмийн идэвхтнүүд баривчлагдаж эхэлсэн нь тэмцлийг улам хурцатгасан гэж хэлж болно. Жагсаалд оролцогчдын зарим нь нэлээд хүнд бэртэл авсан. Машеровын өргөн чөлөө, “Баатар хот Минск” хөшөө орчимд мөргөлдөөн илүү ноцтой болж, нөхцөл байдлын талаар Беларусийн Дотоод хэргийн яам эхэндээ тайлбар өгөөгүй ч дараа нь цагдаа нар хэв журам сахиулахын тулд тусгай хэрэгсэл ашиглахаас өөр аргагүй байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Гэмтсэн хүмүүсийн талаар албан ёсоор мэдээлээгүй хэдий ч мөргөлдөөний дараа Минск хотын төвд түргэн тусламжийн хэдэн арван машин ирсэн байснаас харахад нөхцөл байдлыг ямаршуу хэмжээнд байгааг үнэлж болох юм. Үүний зэрэгцээ Минскт хотын төвд интернет бүрэн тасалдаж, олон нийтийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, төрийн байгууллагуудын цахим хуудас руу нэвтрэн орох боломжгүй болжээ. Түүнчлэн нийгмийн сүлжээнд нэвтрэх үед саатал гарч байсан аж. 

Ням гарагийн үдээс хойш/2020.08.16/ Минск хотод Беларусь улсын түүхэнд байгаагүй томоохон эсэргүүцлийн жагсаал болж, Минск хотод 100,000 хүн цугларсан юм. Энэ үеэр Лукашенко “Хэрвээ анхны ерөнхийлөгчөө устгавал энэ улс орон устах замдаа орох болно. Хэрвээ сонгуулийг дахиж явуулбал манай улс сүйрнэ. NATO-гийн цэргүүд манай баруун хил дээр довтлоход бэлэн байна” гэжээ. 

 

ЛУКАНШЕНКО ОХУ-ААС ТУСЛАМЖ ХҮСЭВ

Улс орондоо өрнөж буй эсэргүүцлийн хөдөлгөөнийг дарахад туслахыг Лукашенко ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинээс хүссэн юм. Тэрбээр улс оронд нь хувьсгал гарвал Путины дэглэмд бас аюул нүүрлэхийг анхааруулсан байна.

“Энэ бол зөвхөн Беларусьт нүүрлэсэн аюул биш. Хэрвээ бид эсэргүүцлийн хөдөлгөөнийг одоо л зогсоож чадахгүй бол Орост ч бас муугаар нөлөөлөх болно. Энэ эсэргүүцлийн хөдөлгөөнийг гадаад орнуудаас зохион байгуулж байгаа” хэмээн тэрээр Бямба гарагт зөвлөхүүдтэйгээ уулзахдаа мэдэгдсэн юм. Үүний дараа Лукашенко ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьсан. “Талууд үүсээд байгаа бүх асуудлууд удахгүй шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа харилцан илэрхийллээ” гэж хоёр удирдагчийн утсаар ярьсан тухай Кремлийн мэдэгдэлд өгүүлсэн байна. Беларусийн хувь заяа Путины шийдвэрээс хамаарах магадлалтай болсон гэж хэлж болно. ОХУ, Беларусь улсууд бодит байдал дээр “холбооны улс” хэлбэрийн харилцаатай байдаг. Гэхдээ Лукашенко сүүлийн жилүүдэд Оростой гүнзгий интеграцид орохыг эсэргүүцэж, Кремльтэй зөрчилдөх болсон юм.

Гэсэн хэдий ч Путин стратегийн хувьд чухал хөрш улсынхаа төрийн эрхийг жагсагчдад алдахыг хүсэхгүй нь тодорхой байна.

Эх сурвалж:CNN




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө