БНСУ-ЫН ИРГЭД: Монголчуудад сурган хүмүүжүүлэгч хэрэгтэй байна

БНСУ-ЫН ИРГЭД: Монголчуудад сурган хүмүүжүүлэгч хэрэгтэй байна

Энэ жил Солонгост ажиллаж, амьдардаг монголчуудын хувьд дуулиан шуугиантай,шүүмжлэл ихээр дагуулсан зун болж өнгөрлөө. Учир нь манай улсын иргэд БНСУ-д гэмт хэрэгт холбогдох, архидан согтуурах явдлууд ар араасаа цуварсаар байна. Цэцийн дарга нь БНСУ-ын онгоцны үйлчлэгчийн биед бүдүүлгээр халдсан, архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрсэн, мөн 24 цагийн дэлгүүрт архидан танхайрч, иргэдийн амар тайван байдлыг алдагдуулсан гэх мэт чих халууцам хэргүүд ээлж дараалан гарч гадны болон өөрийн улсын иргэдийн эгдүүцлийг ихээр хүргэж байв. Эл хэргүүд тус улсын үндэсний томоохон сувгуудаар мэдээлэгдэж иргэд нь “Бид монголчуудаас айж байна. Тэд өөрсдийгөө Чингис хааны үед амьдарч байна гэж боддог бололтой” гэх мэтээр сэтгэгдлүүдээ илэрхийлж байв. Тэгвэл өнгөрсөн ням гаригт ахин нэг Монгол улсын иргэн согтуугаар замын хөдөлгөөнд оролцож, ноцтой зам тээврийн осол гаргасан харамсалтай бөгөөд чих халууцам хэрэг гарчээ.

-СОГТУУ МОНГОЛ ИРГЭН ОСОЛ ГАРГАСНЫ УЛМААС 12 ХҮН БЭРТЭЖ, НЭГ ХҮН АМИА АЛДЖЭЭ-

Тус хэргийг дахин сануулбал, БНСУ-ын Инчон хотын хурдны зам дээр согтуу монгол жолооч осол гаргасны улмаас нэг хүн амь эрсдэж, 12 хүн гэмтэж, эд хөрөнгөөрөө хохирчээ. Тодруулбал, тус иргэн автомашинтайгаа хурдны зам дээр зогссоноос хэд хэдэн машин ар араасаа мөргөлдөж, зам тээврийн ноцтой осол гарсан байна.

Инчоны цагдаагийн газрын мэдээлж буйгаар осол наймдугаар сарын 16-ны шөнө 02:20 цагт гарсан бөгөөд "Киа 5" маркын машин жолоодож явсан согтуу монгол иргэн Инчоны Кёнги дүүрэг дэх хоёрдугаар хурдны замын Анхён уулзварын ойролцоо нэгдүгээр эгнээнд машинаа зогсоосноос осол үүсчээ. Удалгүй түүний араас мөн ижил “Киа 3” маркын болон “Туксон” маркын хоёр машин хурдтайгаар ирж мөргөж,  ослын хажуугаар хурдаа хасан явсан таксиг нэгэн портер араас нь мөргөсөн осол болжээ. Ослын улмаас К5 машины зорчигчийн суудалд сууж явсан 33 настай монгол иргэн нас барж, бусад 12 хүн хүнд, хөнгөн бэртэж, ойролцоох эмнэлэгт хүргэгдсэн байна.

-МОНГОЛ ЖОЛООЧ 0.08 ХУВИЙН СОГТОЛТТОЙ БАЙХДАА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦЖЭЭ-

Жолооч нараас цусны шинжилгээ авч үзэхэд К5 машин жолоодож явсан монгол жолоочийн цусанд 0.08 болон түүнээс дээш хувийн спирт илэрсэн аж. Энэ нь тус улсын хуулиар жолооны эрхээ хасуулах хангалттай үндэслэл болж өгөх аж. Одоогоор цагдаа нар ослын шалтгааныг нарийвчлан тодруулахаар мөрдөн байцаах ажиллагаа эхлүүлсэн байна.

Харин уг мэдээ 22 цагийн өмнө БНСУ-ын нэр бүхий мэдээллийн сайтуудаар тарсан бөгөөд иргэдийн онцлох сэтгэгдлүүдийг хүргэж байна.

-Монголчууд яг л Хятадууд шиг инээдтэй юм.

-Бас л монголчууд уу...

-Гадны иргэд манай улсын булан тохой бүрт амьдарч, гэмт хэрэг ихээр үйлдэж байгаад нь энэ улсын иргэний хувьд маш их санаа зовниж байна.

-ИРГЭД “СОЛОНГОСЫН ХУУЛЬ ГАДНЫ ИРГЭДЭД ХЭТ ЗӨӨЛДӨӨД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭХ МЭТ СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭЖЭЭ-

-Манай улсад гадны жолоочид их болсон. Үүнийг харах бүрт миний санаа зовнидог. Тэд жолооны эрхээ авсан уу, даатгалд хамрагдсан болов уу гэх мэт. Солонгосын хууль гадны иргэдэд үнэхээр зөөлдөж байна.

-Согтуу тэгээд нэгдүгээр эгнээнд зогсож байсан гэж үү? Амиа хорлох үйлдэл юм биш үү?

-Jeon Kwang-hun /БНСУ-ын алдартай пастер, сурган хүмүүжүүлэгч/ болон түүний дагалдагчдыг Монгол руу илгээцгээе” гэх мэт сэтгэгдлүүдийг үлдээжээ.