Шинжаанд хэрцгийгээр хоригдож буй Уйгур залуугийн бичлэгийг худал хэмээн үгүйсгэлээ

Шинжаанд хэрцгийгээр хоригдож буй Уйгур залуугийн бичлэгийг худал хэмээн үгүйсгэлээ

Өнгөрсөн арваннэгдүгээр сард мансууруулах бодис хэрэглэсний улмаас 16 сарын хорих ял явч, Шинжаанд хоригдсон Уйгурын загвар өмсөгч Мердан Гаппарын гэр бүлийн BBC-д илгээсэн бичлэг худал гэдгийг Хятадын тал мэдэгдлээ. Мердан Гаппер Шинжаанд хоригдсоноос 18 хоногийн дараа орон дээр гавлагдсан байдалтай, хоригдож байгаа бичлэгээ гэр бүлийнхэндээ илгээсэн юм.

Түүнчлэн гэр бүлдээ илгээсэн зурвасдаа нэг өрөөнд 50-60 хүнийг хамт 18 хоног хоригдож, толгойдоо шуудай углахыг шаарддаг зэрэг энгийн шоронгоос илүү хүнд хэцүү байдалд байгаа талаараа бичсэн байжээ.

Зурвас илгээснээс хойш Мердан сураггүй болсон бөгөөд бичлэг олон нийтэд ил болсны дараа түүнийг шийтгэсэн хэмээн гэр бүлийнхэн нь үзэж байгаа юм. Энэ талаар ВВС Хятадын эрх баригчидаас тодруулга авахаар хэд хэдэн асуулт илгээсэн ба 14 хоногийн дараа Шинжааны засгийн газрын хэвлэлийн албанаас хариу илгээсэн байна.

Шинжааны талаас “Мердан Гаппарыг шилжүүлэх явцад өөрийгөө гэмтээх үйлдэл хийж, цагдаагийн албан хаагчийн эсрэг дайрч эхэлсэн. Мөн эрүүл мэндийн ажилчид түүний биеийн байдлыг шалгахаар ороход ажилчдыг хэл амаар дорожилж, зодсон. Тиймээс түүнийг сэтгэл санааны хувьд эрүүл биш хэмээн үзэн арга хэмжээ авсан” гэжээ.

Харин түүний авга ах Абдулхаким Гаппар энэ мэдэгдлийг худлаа хэмээн үзэж байгаа бөгөөд “Тэр өөрийгөө гэмтээх үйлдэл хийх хүн биш. Хятадууд түүнд ямар нэгэн зүйл хийж, хийсэн үйлдэлдээ шалтаг хайж байна. Хэрвээ дүүг минь амьд, эрүүл саруул байгааг нь л харуулахгүй бол би тэдний хийсэн мэдэгдэлд хэзээ ч итгэхгүй” гэж хэлжээ.

Эх сурвалж:BBC