Оросын сөрөг хүчний удирдагч Навальныйг хордуулсан байж болзошгүй гэв

Оросын сөрөг хүчний удирдагч Навальныйг хордуулсан байж болзошгүй гэв

ОХУ-ын сөрөг хүчний намын лидер Алексей Навальныйн бие гэнэт муудаж, ухаангүй эмнэлэгт хүргэгджээ. Тэрээр Сибирээс Москва руу онгоцоор зорчиж явсан бөгөөд  биеийн байдал нь огцом муудсан тул ослын буулт хийсэн байна. Томск хотоос Москва руу нисэж явсан онгоц Омск хотод ослын буулт хийж, ухаангүй болсон Навальныйг эмнэлэгт хүргэж, эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлжээ.

Түүний хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш “Алексейн цайнд хор хийсэн байж болзошгүй гэж бид таамаглаж байна. Өнөөдөр өглөө тэр зөвхөн цай л уусан” гэж мэдэгджээ.

Өнгөрсөн жил тэрээр харшлын хурц урвалын улмаас мөн  эмнэлэгт хэвтсэн юм. Эмч нар түүнийг нэр нь үл мэдэгдэх химийн бодист хордсон байх магадлалтай гэж хэлснийг “Ройтерс” дамжуулж байсан. Хуульч, авилгын эсрэг тэмцэгч Алексей Навальный сүүлийн жилүүдэд Кремлийн эсрэг жагсаал цуглаан зохион байгуулсан хэргээр хэд хэдэн удаа саатуулагдсан юм. Навальныйг 2012, 2014 онуудад Оросын хууль хүчнийхэн баривчилж, хорьж байжээ. Европын Хүний Эрхийн Шүүхээс үүнийг улс төрийн зорилготой, хүний эрхийг зөрчсөн явдал гэж дүгнэсэн юм.

Эх сурвалж:Reuters