Талийгаач С.Болормаагийн хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасан уу

Талийгаач С.Болормаагийн хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасан уу

Өнгөрсөн хоёрдугаар сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга 30 настай С.Болормаа гэх эмэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Ажил үүргээ амжилттай гүйцэтгэж, хамт олон, аймаг орон нутаг, улсын хэмжээнд танигдаад амжсан гэгддэг С.Болормаа бүсгүй учир битүүлгээр амиа алдсан явдал олон нийтийн анхаарлыг татаж, багагүй шуугиан дэгдээсэн юм.

Тэгвэл уг бүсгүйн хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасан талаар зарим эх сурвалж мэдээлж эхэлсэн байна.

Хэргийг сануулбал,  хоёрдугаар сарын 19-ний өдрийн үүрийн 04:20 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд иргэн автомашиндаа нас барсан байна гэх дуудлага мэдээлэл ирсэн бөгөөд тухайн хэргийн газарт 30 настай эмэгтэй Б гэгч нь нас барсан нөхцөл байдал тогтоогдсон байна. Урьдчилсан байдлаар аймгийн Засаг дарга, удирдлагууд болон бусад албан тушаалтнууд ЗДТГ-ын байранд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон аж.

Хэрэг гарсан өдөр аймгийн Онцгой комисс ЗДТГ-ын байранд цаг үеийн асуудлаар хуралджээ. Хурал 20:00 цагийн үед тарж, нэр бүхий хүмүүс үлдсэн байна. Тэдний дунд аймгийн Засаг дарга тэргүүтэй хүмүүс болон талийгаач байжээ.

Тэр өдөр Засаг даргын орлогчийн төрсөн өдөр таарч, Засаг даргын өрөөнд сууцгаасан. 00:25 цагийн үед талийгаачийг хоёр хүн түшин өрөөнөөс авч гарсан байдаг аж. Талийгаач өрөөнөөс гарахдаа хэлтсийнхээ нэг хүнээр хүргүүлэхээр дуудсан. Тэр хүн нь авч гараад гэрт нь хүргэхэд гэр нь цоожтой байснаас гадна нь машинд нь үлдээсэн.Үүрээр 04:00 цагийн үед очиж эргэхэд нас барсан байсан талаар зарим хэвлэлүүд мэдээлсэн. Харин зарим эх сурвалжууд автомашиндаа осгосон гэж нэг хэсэг нь ярьж байгаа бол зүрх нь хаагдсан гэсэн урьдчилсан дүгнэлтийг хийсэн тухай мэдээлэл ч гараад байсан юм. Тэгвэл талийгчийн хэрэг хэрэгсэхгүй болох гэж байгаа талаар ар гэрийхэн нь гомдол гаргаж, хэвлэлд хандаж эхэлсэн байна.