ОХУ-д үйлдвэрлэсэн коронавирусийн эсрэг “Спутник V” вакцины гаж нөлөөг нэрлэв

ОХУ-д үйлдвэрлэсэн коронавирусийн эсрэг “Спутник V” вакцины гаж нөлөөг нэрлэв

Энэ сарын 11-ний өдөр Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ коронавирусийн халдварын вакциныг гаргасан дэлхийн анхны улс болж буйгаа албан ёсоор мэдэгдэж, шинээр гаргасан вакцинаа “Спутник V" хэмээн нэрлэсэн талаар зарласан. Харин бусад улс орны Засгийн газраас гурав дахь шатны эмнэл зүйн туршилт бүрэн дуусаагүй байхад вакциныг зарласанд шүүмжлэлтэй хандаж байгаа. Тэгвэл тус вакциныг хийлгэсний дараа хүний биед илрэх гаж нөлөөний талаар мэдээлжээ.

Тодруулбал “Спутник V” вакциныг тариулсны дараа бие чичрэх, өндөр халуурах, толгой өвдөх, хоолны дуршил буурах, тунгалгийн булчирхай томрох зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй талаар ОХУ-ын Халдвар судлал, бичил биологийн Үндэсний судалгааны төвийн орлогч дарга Денис Логунов мэдэгджээ.

Түүнчлэн вакцины хэрэглэх зааварт “Вакцин хэрэглэснээс үүдэлтэй сөрөг гаж нөлөөнүүд нь гол төлөв хөнгөн эсвэл дунд зэргээр илэрдэг бөгөөд эдгээр шинж тэмдэг вакцин тариулснаас хойш нэг, хоёр хоногийн хугацаанд үргэлжилж болдог. Эдгээр нь бие чичрэх, өндөр хэмээр халуурах, толгой өвдөх зэрэг богино хугацааны нийтлэг шинж тэмдгүүд болон тариулсан хэсэгт реакц өгөх байдлаар илэрнэ” хэмээн дурдсан байна.

Мөн ховор үед бөөлжих, хоол боловсруулах эрхтэн хямрах, хоолны дуршил буурах зарим үед тунгалгийн булчирхай томрох, харшил гарах зэрэг шинж тэмдэг ажиглагддаг байна. Одоогоор "Спутник V" вакцины эмнэлзүйн туршилтанд оролцсон сайн дурынхны нэгээс нь ч ноцтой гаж нөлөө илрээгүйг мэргэжилтнүүд онцолж байна.

Эх сурвалж: TASS