Трампын зөвлөх асан Стив Бэннон луйврын хэргээр баривчлагджээ

Трампын зөвлөх асан Стив Бэннон луйврын хэргээр баривчлагджээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын зөвлөх, Цагаан ордны ерөнхий стратегич асан Стив Бэннон луйврын хэргээр өчигдөр баривчлагджээ. Түүнийг АНУ-Мексикийн хил дээр хана босгох зорилгоор иргэдээс цуглуулсан хандивын мөнгийг хувьдаа завшсан хэргээр, өөр гурван хүний хамт баривчилсан байна.

Мексикийн хил дээр хана барихаар “We Build the Wall” нэртэй хандивын аян зохион байгуулж, нийтдээ 25 сая ам доллар цуглуулаад байсан. Харин АНУ--ын прокурорууд хандивын мөнгө жинхэнэ зорилгоороо ашиглагдаагүйг шалгалтын явцад илрүүлжээ.

Бэнноныг өчигдөр Коннектикут мужийн эрэгт зогсож байсан 45 метр урт “Lady May” тансаг хөлгөөс баривчилсан ч таван сая долларын барьцаагаар суллагдсан байна. Харин Ерөнхийлөгч Трамп Бэнноны тухай мэдээг харамсан хүлээж авснаа илэрхийлээд “We Build the Wall” төсөлд өөрийгөө оролцоогүйг мэдэгджээ.

Бэнноныг 2016 онд Дональд Трампыг сонгуульд ялахад гол үүрэг гүйцэтгэсэн хүн гэдэг. Түүний цагаачлалын эсрэг, барууны үзэл суртал Трампын “America First” мөрийн хөтөлбөрийн үндэс суурь болсон аж.

Өдгөө 66 настай Бэннон сонгуульд Трампыг ялсны дараа Цагаан ордны ерөнхий стратегичаар ажиллаж байгаад 2017 онд огцорсон. Өнгөрсөн онд тэрээр BBC сувагт өгсөн ярилцлагадаа Brexit-ийг Британи дахь үймээн самууны дөнгөж эхлэл, Америк-Мексикийн хилийн ханыг барьвал африк болон испани гаралтай хүмүүст ашигтай гэж ярьж байжээ. Түүнийг гадаадын орон руу явахыг хориглосон бөгөөд хэрэв шүүхээс буруутай гэж үзвэл 20 жилийн ял авах аж.

Эх сурвалж: BBC

 




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө