В.Путины “хортой цай” буюу түүнтэй сөргөлдсөн улстөрчдийн хувь заяа хаашаа эргэдэг вэ

В.Путины “хортой цай” буюу түүнтэй сөргөлдсөн улстөрчдийн хувь заяа хаашаа эргэдэг вэ

Өнгөрсөн Пүрэв гаригт Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйн биеийн байдал гэнэт муудаж, эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээлэл дэлхий нийтэд цацагдсан билээ. Тэрбээр Сибирийн Томск хотоос Москва руу буцаж явахдаа бие нь гэнэт муудаж, тэсэхийн аргагүй өвдөлтийнхөө улмаас орь дуу тавьж эхэлснээр онгоц нь Омск хотод ослын буулт хийсэн юм. Навальныйн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр тэр эмнэлэгт хүргэгдэхдээ ухаангүй байсан бөгөөд өглөө нисэх буудлын кафед ганц аяга цай ууснаас өөр зүйл хэрэглээгүй гэнэ. Иймээс цайнд нь хор хийсэн байж болзошгүй гэж дэлхий нийтээрээ сэжиглэж эхлээд байна.

-МОСКВА РУУ НИСЭХЭЭСЭЭ ӨМНӨ ОНГОЦНЫ БУУДЛЫН ЦАЙНЫ ГАЗАРТ АЯГА ЦАЙНААС ӨӨР ЗҮЙЛ УУГААГҮЙ АЖЭЭ-

Омск хотын эмнэлэг зохих шинжилгээг хийх багаж төхөөрөмжгүй тул гадаад руу явуулах боломжийг судалж байгаагаа Навальныйн хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш мэдээлсэн Омск хотын эмнэлэгт цагдаа нар олноор ирж, эмчилж байгаа эмчээс нь мэдүүлэг авсан байна. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа “Түүний биеийн байдал үнэхээр хүнд байна. Омск хотын хамгийн шилдэг эмч нар шаардлагатай бүхнийг хийж байгаа. Москвагаас мэргэжилтнүүд ч зөвлөгөө өгч байна. Мэдээж бид манай орны бусад иргэдийн нэгэн адил түүний бие түргэн сайжрахыг хүсэж байна” гэж мэдэгдсэн байна. Хэрвээ Навальныйн багийнхан түүнийг гадаад руу эмчлүүлэхээр авч явах хүсэлт гаргавал туслахад бэлэн байгаагаа Песков хэлжээ.

-НАВАЛЬНЫЙД ТОХИОЛДСОН ЯВДАЛД БУСАД УЛС ОРНУУДЫН УДИРДАГЧИД ИХЭЭХЭН САНАА ЗОВНИЖ, УЛСДАА УРИН САЙН ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭХ САНАЛ ТАВИСАН Ч ОХУ-ЫН ТАЛААС ЗӨВШӨӨРӨХГҮЙ БАЙНА-

Мөн өчигдөр гадаад орнуудын удирдагчид Навальныйн эрүүл мэндэд санаа зовж байгаагаа илэрхийлцгээсэн байна. Тухайлбал Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон шаардлагатай тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлээд Навальныйд улс төрийн орогнол олгох боломжтойг мэдэгджээ. Мөн Германы “The Cinema for Peace Foundation” төрийн бус байгууллага эмнэлгийн тусламжийн онгоц ОХУ руу илгээснээ мэдээлсэн байна. Гэхдээ Навальныйг Герман руу эмчлүүлэхээр явуулахыг Оросын тал зөвшөөрөхгүй байгаа юм. Литва, Их Британи улсуудын гадаад хэргийн сайд нар ч Навальныйн эрүүл мэндэд санаа зовж байгаагаа сошиал хуудсандаа илэрхийлцгээжээ.

-А.НАВАЛЬНЫЙ НЬ В.ПУТИНЫ ХАМГИЙН ХҮЧТЭЙ ӨРСӨЛДӨГЧ БӨГӨӨД ТҮҮНИЙ УЛС ТӨРИЙН ДЭГЛЭМИЙГ СҮҮЛИЙН 10 ГАРУЙ ЖИЛ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА-

Алексей Навальный ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины хамгийн хүчтэй өрсөлдөгч бөгөөд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Путины улс төрийн дэглэмийг эсэргүүцэн жагсаал, цуглаан зохион байгуулж байсны улмаас хэд хэдэн удаа шоронд хоригдож байжээ. Тэрбээр төрийн өндөр албан тушаалтнуудын дунд гардаг авлигын хэргийн талаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж ард түмний дунд асар их нэр хүндийг олж авсан нэгэн юм.

Навальныйн хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш “Навальныйг уух зүйлээр нь хордуулсан гэж бид үзэж байна. Учир нь түүний уусан цай тэр өглөө уусан цорын ганц зүйл нь байсан юм” хэмээн твиттер хуудсандаа жиргэсэний дараа олон хүн уг хэргийн ерөнхийлөгч В.Путинтэй холбон тайлбарлаж, өмнөх учир битүүлэг хэргүүд ч эргэн сөхөгдөж эхэлсэн юм.

-ӨМНӨ НЬ ПУТИНЫ ЗАСГИЙН ГАЗРЫН АЖИЛЛАГААГ ЭРС ЭСЭРГҮҮЦЭН, ШИРҮҮН МАРГАЛДАЖ БАЙСАН ЗҮТГЭЛТНҮҮД ХОРТОЙ ЦАЙ УУЖ, МӨН БУУДУУЛЖ АМИА АЛДАЦГААЖ БАЙВ-

Тодруулбал, Оросын Холбооны Аюулгүй байдлын албанд ажиллаж байх хугацаандаа тус салбарын хууль бус үйлдлийг илчилж, шүгэл үлээсэн ноён Александр Литвиненко 2006 оны 11-р сарын 1-ний өдөр Миллениум зочид буудлын барнд очиж хоёр орос хүнтэй уулзаж байх үедээ ширээн дээр байсан аяга хүйтэн цайг авч ууснаас хэдхэн цагийн дараа үхэдхийн унасан юм. Учир нь тус цайнд цацраг идэвхт изотоптой, полони 210 хэмээх бодис холисон байсан юм. Ноён Литвененко тэр шөнө гэртээ өвдөж, Лондоны их сургуулийн коллежийн эмнэлэгт 11-р сарын 23-ны өдөр цочмог цацрагийн синдромоор нас барсан бөгөөд хамгийн сүүлд ноён Путинтэй ширүүн маргалдаж, түүн рүү хуруугаа чичлэсэн хэмээн албаны эх сурвалжууд мэдээллэсэн байна. Мөн үүнээс болж түүний амь насанд аюул заналхийлж эхэлсэн тул тэр Оросоос зугтаж Лондонд очоод байсан ажээ. Мөн үүнээс гадна Ноён Литвиненког хордуулахаас яг долоо хоногийн өмнө Путиныг зоригтойгоор шүүмжилсэн сэтгүүлч Анна Политковская буудуулсан хэрэг гарсан бол өнгөрсөн жил сөрөг хүчний удирдагч Борис Немцовыг Кремлийн хананы ойролцоо буудаж хөнөөсөн байдаг.

-БУСАД УЛСЫН УДИРДАГЧИД ТҮҮНТЭЙ ХАРЬЦАХДАА БОЛГООМЖИЛЖ ЭХЭЛСЭН БӨГӨӨД “ПУТИН ХУВИЙН ДАЙСНУУДАА ХААНААС Ч АРЧИЖ ХАЯХ НӨХЦЛИЙГ ХЭДИЙН БҮРДҮҮЛСЭН” ХЭМЭЭН СУДЛААЧИД ҮЗЭЖ БАЙНА-

Тус хэргүдийн эзэн одоо ч тодорхойгүй байдаг бөгөөд Британийн тэтгэвэрт гарсан шүүгч Роберт Оуэн тэднийг “улс төрийн аллага” гэж үзэн нарийвчлан баримтжуулсан байна. Жишээ нь, Ноён Оуэн бааранд Литвиненкотой уулзсан хоёр орос хүн болох Андрей Луговой, Дмитрий Ковтун нарыг Оросын Холбооны Аюулгүй байдлын албаны удирдлага дор ажиллан, Литвиненкосийг санаатайгаар хордуулсан байсныг олж тогтоосон юм. Гэвч түүний энэхүү баримтыг аллага байсныг нотолж чадахгүй хэмээн хэрэгсэхгүй болгосон байдаг. В.Путинтэй холбоотой тус хэргүүдийн талаар АНУ-ын Ерөнхийлөгч асан Обама болон бусад засгийн газрын удирдагчид маш ноцтойгоор ханддаг бөгөөд цаашид түүнтэй жирийн улс төрийн уулзалт хийхдээ ихэд болгоомжлох болжээ.

Түүнийг улс төр судлаачид “Путин хувийн дайснуудаа хаанаас ч арчиж хаях боломжтой байр суурин дээр түлхүү ажиллаж өөрийн хүссэн улсыг байгуулсан. Дэлхийн бусад улс орнууд Оросыг жирийн улс гэж үзэхээ больж эхэлсэн. Олон улсын харилцааны түвшинд тус улсын оролцоо тасралтгүй үргэлжлэх ёстой, харин Путиний баримталдаг аймшигтай гэмт хэргийн дэглэм түүнийг олон хэвийн харилцаанд оруулахгүй байна” хэмээн дүгнээд байна.