ЭТТ ХК-нд “Нууцын хууль” мөрдөгдөхгүй байгаа нь Б.Баттулга 300 тэрбумын тендер авах нөхцөлийг бүрдүүлсэн үү

ЭТТ ХК-нд “Нууцын хууль” мөрдөгдөхгүй байгаа нь Б.Баттулга 300 тэрбумын тендер авах нөхцөлийг бүрдүүлсэн үү

2008 оны УИХ-ын сонгуульд АН-аас Баянхонгор аймагт нэр дэвшин, парламентын гишүүн болж байсан Молекул хэмээн Батж.Батбаяр 2000 оноос эхлэн ноолуурын бизнесээс уул уурхайн бизнест орсон гэдэг. Түүнийг 2010 оны үеэр лицензээр ашиг олоход гаршиж байна хэмээн зарим хэвлэлд онцолж байжээ. Түүнийг УИХ-ын гишүүн асан Л.Болд нарын Баянхонгор аймгаас гаралтай АН-ын улс төрчидтэй ихээхэн ойр талаар мөн онцолж байв. 

-ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ ХК-НД “БАЙГУУЛЛАГЫН НУУЦЫН ТУХАЙ ХУУЛЬ” ҮЙЛЧИЛЖ БАЙНА УУ-

Молекул хэмээх Батж.Батбаяр нэгэн цагт “Миний дөрвөн хүү Монголын толгой 10 баяны тоонд ордог” гэж мэдэгдэж байсан талаар зарим хэвлэлд онцолжээ. Тэгвэл 2015 оны тавдугаар сард Эрдэнэс Тавантолгой /ЭТТ/ ХК-ийн гүйцэтгэх захирлаар Молекулын нэг хүү Б.Батбилэг томилогдож байсан юм. Тэрээр энэхүү албан тушаалд очихоосоо өмнө тус компанийн Борлуулалт, ложистикийн газрын захирлаар ажиллаж байсан байдаг. 

Харин “Байгууллагын нууцын тухай хууль”-ийн дагуу төрийн байгууллагад удирдах албан тушаал хашиж байсан эрхмүүдийг урт хугацаанд /ихэнх тохиолдолд 4-6 жил байдаг/ ижил төрлийн бизнесийн үйл ажиллагаа явуулах, адил чиглэлтэй аж ахуй нэгжид ажиллахгүй байх, цаашлаад ашиг сонирхлын зөрчлийн улмаас түүний ойр тойрны хүмүүст энэ хуулийг мөрдлөг болгох тохиолдол бий. 

Гэтэл “Байгууллагын нууцын тухай хууль”-ийн зарим заалтууд ЭТТ ХК-нд мөрдөгддөггүй байж болзошгүй байна. 

Учир нь ЭТТ ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Молекулын хүү Б.Батбилэгийн төрсөн дүү Б.Баттулгын эзэмшдэг Спейшлмайнинг сервис ХХК, ЭТТ ХК-иас зарласан 300 гаруй тэрбум төгрөгийн өртөгтэй тендерийг 3 жилийн хугацаатай авсан байгаа нь олны шүүмжлэлд өртөөд байна. Учир нь 300 гаруй тэрбум төгрөг буюу 100 гаруй сая ам.долларын өртөгтэй ажлыг, яагаад 300 аж ахуй нэгжид хуваагаад өгч болоогүй вэ, цаашлаад өмнө нь нэг жилийн хугацаатай гэрээ хийдэг байсан атлаа яагаад Спейшлмайнинг сервис ХХК-тай 3 жилийн хугацаатай хийх болов зэрэг  асуудлууд гарч эхлээд байгаа юм.

-309 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНИЙН ДҮНГЭЭР ХАСАГДСАН Ч, 301 ТЭРБУМЫН САНАЛААР  ДАХИН ОРЖ, ЭТТ ХК-ИЙН ТЕНДЕРИЙГ АВСАН УУ -

Тодруулбал, “Таван толгой ордын цанхийн баруун уурхайн хөрсний чулуулаг болон нүүрсийг бутлах өрөмдлөг тэсэлгээний ажил гүйцэтгүүлэх” тендерийг  ЭТТ ХК-иас зарлаж энэ оны эхээр шалгаруулсан байгаа юм. Энэхүү тендерт Молекулын хүү Б.Баттулгын Спейшлмайнинг сервис ХХК оролцож 309 тэрбум төгрөгийн санал өгсөн ч Сангийн яамны шийдвэрийн дагуу дахин үнэлээд татгалзаж, хасагдаж байсан байгаа юм. Харин дараа нь Спейшлмайнинг сервис ХХК-иас 301 тэрбум төгрөгийн үнийн саналыг дахин өгч, тус ЭТТ ХК-ийн тендерыг авсан байж болзошгүй байгаа юм.

Эх сурвалж: Tender.gov.mn

Эх сурвалж: Tender.gov.mn

-Б.БАТТУЛГЫН КОМПАНИ ТЕНДЕР АВАХАД НӨЛӨӨЛСӨН БАЙЖ БОЛЗОШГҮЙ “НЭГ НОМЕР” ГЭЖ ХЭН БЭ?-

Харин өнгөрөгч долоо хоногт олон нийтийн сүлжээнд “Молекул Батбаярын хүү Баттулга Эрдэнэс Таван толгой ХК-нд хэрхэн нөлөөлж 300 тэрбум төгрөгийн тендер авав” гэх нэртэй дараах мэдээлэл гарсан юм.  Тус бичлэгт Баттулга гэх эрхэм “Эрдэнэс Таван толгойд бол сайдын эрх мэдэл 30 хувь байх. Би бол өөр гаргалгаа, шугамаар явж байгаа” гэсэн бол өөр нэг эрхэм “Чиний хэлээд байгаа нэг номерын хүн чинь” зэргээр ярилцжээ. Ямартай ч энэ бичлэг бодиттой бол ЭТТ ХК-иас 300 гаруй тэрбум төгрөгийн тендер зарлагдах үеэр энэхүү яриа болсон байж болзошгүй байгаа юм. 

Нөгөөтэй тус өндөр үнэтэй тендерийг Молекулын хүү Б.Баттулгын Спейшлмайнинг сервис ХХК авахад хэн нэгэн төрийн өндөр тушаалтан нөлөөлсөн юм биш биз гэх хардлагыг мөн төрүүлж байна. Учир нь зарим хүмүүсийн дунд ЭТТ ХК-ийн одоогийн удирдлагуудыг, албан тушаалын байдлаас нь хамаарч нэг номер, хоёр номер гэх зэргээр нууц нэршлээр нэрлэдэг байхыг үгүйсгэхгүй юм. 

Өнөөдөр ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Ганхуяг ажилладаг бол, ЭТТ ХК-ийн Эдийн засаг, санхүүгийн удирдлагын газар хариуцсан эрхэлсэн тэргүүн захирлаар Б.Жаргалсайхан, Ерөнхий удирдлагын газар хариуцсан дэд захирлаар Д.Энхболд, Стратеги, хөгжлийн газар хариуцсан дэд захирлаар Т.Цогтбаяр, Үйлдвэрлэл, уул уурхайн газар хариуцсан дэд захирлаар Г.Дэлгэрбаяр, Бизнесийн удирдлагын газар хариуцсан дэд захирлаар Б.Батсайхан, Хууль зүйн газар хариуцсан дэд захирлаар Ц,Амартүвшин нарын хүмүүс ажиллаж байна.