БНСУ-ын нийслэл Сөүл хот болон хотын ойр орчмын бүсэд коронавирусийн халдварын тархалтыг хязгаарлахын тулд өнөөдрөөс амны хаалт заавал зүүхийг үүрэг болголоо. Тус хотын Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Пак Ё Ми “Иргэд хувийн орон зай буюу гэртээ байгаагаас бусад тохиолдолд амны хаалт заавал зүүх шаардлагатай. Мөн гадуур явж байхдаа ойр орчимд хүн байхгүй байсан ч заавал зүүх хэрэгтэй” гэжээ. Ингэснээр Сөүл хотын оршин суугчид хоол идэхээс бусад үедээ амны хаалт заавал зүүх аж.
Сөүлийн шөнийн цэнгээний газруудад өнгөрсөн тавдугаар сарын дунд үеэс халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдсэнтэй холбогдуулан автобус, такси, метронд амны хаалт зүүхийг үүрэг болгосон юм.
Даваа гарагт нийслэл хотод халдварын 97 шинэ тохиолдол илэрсэн бөгөөд шинээр халдвар авсан хүмүүсийн дунд автобусны жолооч нар, Сөүлийн төвд байрладаг Засгийн газрын цогцолборын ажилтнууд, наймдугаар сарын дундуур олон нийтийн арга хэмжээнд оролцсон хэсэг бүлэг хүн багтжээ. Сөүл нь амны хаалт заавал зүүхийг үүрэг болгосон анхны хот, муж биш бөгөөд өмнө нь Гёнги муж, Умард Чунчён мужид ийм шийдвэрийг гаргаж байсан юм.
Эх сурвалж:Koreantimes