Германы эмч нар А.Навальныйг химийн бодисонд хордсон гэж дүгнэлээ

Германы эмч нар А.Навальныйг химийн бодисонд хордсон гэж дүгнэлээ

Өнгөрсөн Пүрэв гаригт Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйн биеийн байдал гэнэт муудаж, эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээлэл дэлхий нийтэд цацагдсан билээ. Тэрбээр Сибирийн Томск хотоос Москва руу буцаж явахдаа бие нь гэнэт муудаж, тэсэхийн аргагүй өвдөлтийнхөө улмаас орь дуу тавьж эхэлснээр онгоц нь Омск хотод ослын буулт хийсэн юм. Навальныйн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр тэр эмнэлэгт хүргэгдэхдээ ухаангүй байсан бөгөөд өглөө нисэх буудлын кафед ганц аяга цай ууснаас өөр зүйл хэрэглээгүй гэнэ. Иймээс цайнд нь хор хийсэн байж болзошгүй гэж дэлхий нийтээрээ сэжиглэж эхлээд байна.

Навальный эмчлүүлж байгаа Сибирийн эмнэлэг баасан гаригт Оросын сөрөг хүчний удирдагчийг хордуулсан гэсэн нэхэмжлэлийг няцаасан боловч түүний эхнэр нь тэнд байсан эмч нарт итгэж болохгүй гэж мэдэгдсэн байна. Тодруулбал, баасан гарагт их эмчийн орлогч Калиниченко хэвлэлийн бага хурлын үеэр “Навальныйгийн цус, шээснээс хор илрээгүй. Өвчтөн хордлого авсан гэдэгт бид итгэхгүй байна. Магадгүй хүн бүхэн түүнийг хордуулсан гэж бодож байгаа байх. Гэхдээ өвчтөн хордсон гэдэгт бид итгэхгүй байна" гэж мэдэгджээ. Мөн ОХУ-ын Дотоод хэргийн яамнаас “Навальныйгийн шинжилгээний дээжинд илэрсэн "үйлдвэрлэлийн химийн бодис" нь ихэвчлэн хуванцар бүтээгдэхүүнээс илэрдэг хоргүй бодис юм” гэж тайлбарлажээ.

Харин өчигдөр буюу Даваа гарагт Германы эмч нар түүнийг “cholinesterase inhibitor” бүлгийн ямар нэг химийн бодисоор хордуулсан гэх дүгнэлтийг гаргажээ.

“Cholinsterase inhibitors бүлэгт багтах ямар нэг бодисоор хордуулсныг нь шинжилгээний үр дүнд тогтоолоо. Яг ямар бодис болох нь тодорхойгүй байна. Илүү нарийвчилсан шинжилгээнүүдийг эхлүүлсэн” гэж Навальныйд үзлэг хийсэн эмч нарын баг мэдэгдсэн байна. Одоогоор Навальныйн амь насанд шууд аюул учруулсан зүйл байхгүй ч урт хугацаандаа эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж болохыг эмч нар бас анхааруулжээ. Шинжилгээний дүгнэлт гарсны дараа Германы канцлерь Ангела Меркель улстөрчийг хордуулсан хэргийг шалгаж, буруутай этгээдийг илрүүлэн хуулийн хариуцлага тооцохыг Оросын талд уриалжээ. “Cholinesterase inhibitor” нь химийн зэвсгээс эхлээд шавьжны хоронд хүртэл ашигладаг химийн бүлэг бодис юм байна.

Берлиний Charita эмнэлэгт байгаа А.Навальныйг эхнэр Юлия нь сахиж байгаа билээ.

Эх сурвалж: Reuters