Ж.Блейкийн гарт хутга байсан учир түүнийг буудсан гэв

Ж.Блейкийн гарт хутга байсан учир түүнийг буудсан гэв

Энэ сарын 24-ний өдөр АНУ-ын Висконсин мужийн Кеноша хотод оршин суудаг өнгөт арьст эрэгтэйг цагдаа нар долоон удаа буудсан хэрэг гарсан. Өдгөө 29 настай африк гаралтай америк эр болох Жейкоб Блейкийн биеийн байдал тун хүнд, сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа бөгөөд эмч нар түүнийг амьд үлдэх магадлал өндөр байгаа ч дахин алхаж чадахгүй хэмээн мэдэгдсэн юм. Энэхүү хэргээс болж АНУ-д дахин үймээн дэгдэж, Кеноша хотод эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн. Цагдаа нар чухам яагаад түүнийг долоон удаа буудах болов гэдэг нь тун сонирхолтой бөгөөд чухал асуулт болсоор байна.

Тэгвэл хэрэг гарснаас гурван хоногийн дараа Висконсиний хууль сахиулах байгууллагын ажилтнууд Жейкоб Блэйкийг яагаад буудсан талаар тайлбар өгч, хэрэг гарсан өдрийн хяналтын камерын бичлэгийг дэлгэжээ. Тодруулбал, Висконсин мужийн Эрүүгийн мөрдөн байцаах газрын Хууль зүйн хэлтэс уг хэргийг гэр бүлийн маргаанаас эхлэлтэй гэж мэдэгдсэн байна. Цагдаагийн ажилтнууд ирж Ж.Блэйкийг баривчлах гэж оролдсон бөгөөд дараа нь түүнийг зогсоохын тулд галт зэвсэг ашигласан гэжээ.

Учир нь түүний гарт хутга байсан бөгөөд хууль сахиулах байгууллагын ажилтнууд ч Блейкийн авио машины хажуугийн самбараас хутга олсон гэж мэдэгджээ. Түүнийг тус хотын цагдаагийн байгууллагын хэлтэст долоон жил ажилласан Рүстен Шески буудсан байна. Харин хажууд нь байсан өөр нэгэн офицер гал нээгээгүй аж.

Өнгөт арьст иргэн цагдаад буудуулсантай холбоотойгоор Кеноша хотын гудамжинд хэдэн зуун хүн гарч, цагдаа нарын үйлдлийг эсэргүүцэж эхэлсэн. Тэд цагдаагийн газрын хажуугаар  “Бид ухрахгүй” хэмээн уриа барьж, хашгирч,  удалгүй эсэргүүцэл нь эмх замбараагүй байдал болон хувирч, цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий ашиглан, эрх баригчид Кеноша хотод хөл хорионы цаг тогтоосон юм.

Эсэргүүцэл спортын салбарт ч өрнөж эхэлсэн юм. Тодруулбал, NBA Милуоки Бакс баг Жейкоб Блейкийг буудсан хэргийг эсэргүүцсэний улмаас өчигдөр өглөө /2020.08.27/ болох байсан NBA-н хасагдах шатны гурван тоглолтыг хойшлуулаад байна.

Тоглолт хойшлуулсан багийн төлөөллүүд "Улс орон даяар халдварын улмаас хямралтай байгаа энэ үед бид ялгаварлан гадуурхах үзлийн тухай асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй. Халдварын улмаас энэ хэрэг мартагдаад өнгөрөх учиргүй” гэжээ. Түүнчлэн эсэргүүцэл зарласан Милуоки Бакс багийн дэд ерөнхийлөгч Алекс Лазри "Зарим зүйлс сагсан бөмбөгөөс илүү чухал. Бидэнд өөрчлөлт хэрэгтэй" гэжээ.

 

Тоглогчид эсэргүүцлээ илэрхийлэн “Black lives matter” гэсэн цамцыг өмсөн талбай дээр гарсан юм. Түүнчлэн Блейкийн гэр бүл энэ хэрэгт тун бухимдалтай байгаагаа илэрхийлсээр байна. Жейкоб Блейкийн аав “Цагдаа нар миний хүүг долоон удаа буудсан. Блейкийг буудах үед машинд нь гурав, тав, долоон настай гурван хүүхэд нь хамт байсан. Энэ бол шалтгаангүй аллага хийхийг оролдсон явдал” гэжээ.

Албаны эх сурвалжаас түүний гарт хутга байсан гэсэн мэдээллийг өгч буй ч одоогоор Ж.Блейкийг яагаад тийм олон удаа буудсан, тэр хутгаа хэрэглэсэн эсвэл хэрэглэнэ гэж сүрдүүлсэн эсэхэд тайлбар өгөөгүй байна.

Эх сурвалж:CNN