Ерөнхийлөгч Владимир Путин Беларусьт нөхцөл байдал хүндэрвэл цэргийн тусламж илгээхээ мэдэгдлээ

Ерөнхийлөгч Владимир Путин Беларусьт нөхцөл байдал хүндэрвэл цэргийн тусламж илгээхээ мэдэгдлээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Беларусьд нөхцөл байдал хүндэрвэл илгээх хууль сахиулагчид бэлэн байгааг Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкод мэдэгджээ. Гэхдээ “Орон байр, банк, төрийн захиргааны байгууллагуудыг галдан шатааж, засаг захиргааны байрууд руу довтлох зэргээр нөхцөл байдал хяналтаас гарсан тохиолдолд цэргийн тусламжаа явуулах” юм. Түүнчлэн В.Путин Минскийн эрх баригчид болон сөрөг хүчнийхэнд тайван замаар асуудлаа шийдэхийг уриалсан байна. 

Беларусийн сөрөг хүчнийхэн төрийн эрх мэдлийг тайван замаар шилжүүлэх ажлыг зохион байгуулах Зохицуулах Зөвлөлийг энэ долоо хоногт байгуулсан. Харин Лукашенко үүнийг төрийн эрхийг булаах оролдлого гэж үзэн гишүүдийг нь баривчилж, мэдүүлэг авах тушаал өгчээ.

Тушаалын дагуу өчигдөр/2020.08.27/ сөрөг хүчний нэр дэвшигч Тихановскаягийн туслах Мария Колесникова, мөн Зохицуулах Зөвлөлийн хамгийн нэр хүндтэй гишүүн, Нобелийн шагналт зохиолч Светлана Алексиевичийг байцаасан юм. Зөвлөлийн өөр хоёр гишүүнд зөвшөөрөлгүй жагсаал цуглаан зохион байгуулсан шалтгаанаар тус бүр арван хоног хорих шийтгэл оноожээ.

Европын Холбооны гишүүн орнуудын Минск дэх элчин сайд нар өчигдөр хамтарсан мэдэгдэл гаргаж, Зохицуулах Зөвлөлийн гишүүдийн эсрэг ажиллагаа явуулж буй Лукашенкогийн засгийн газрыг буруутгасан юм.

Харин ерөнхийлөгч Александр Лукашенко өчигдөр Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан хөрш орнууд нь Беларусийн дотоод хэрэгт оролцож, өөрийнх нь эсрэг “дипломат дайн” зарлаж буйг хариу шүүмжилжээ.

 

Эх сурвалж: AFP