Олимпын бамбарыг Токиогийн музейд түр байрлууллаа

Олимпын бамбарыг Токиогийн музейд түр байрлууллаа

Японы нийслэл хот дахь Олимпын музейд Токиогийн Олимпын наадмын бамбарыг түр байрлуулах ёслол өчигдөр/2020.08.31/ болжээ. Олимпын бамбарыг өнөөдрөөс эхлэн 10 дугаар сарын 1-ний хүртэл олон нийт үзэх боломжтой ч музейд очихын тулд урьдчилан захиалга өгөх ёстой юм. Түүнчлэн цар тахлын улмаас нэг цагт 120-иос илүүгүй хүнийг үзэсгэлэнгийн танхимд оруулах аж.

Японы Олимпын хорооны дарга Ясүхиро Ямашита ёслолын үеэр  “Олимпын бамбарыг аль болох олон хүн нүдээрээ үзнэ гэж найдаж байна. Ирэх жил наадмыг зохион байгуулахын тулд бид бүхий л хүчин чармайлтаа тавина” гэжээ.

Мөн олимпын наадмын үеэр коронавирусийн тархалтыг хянах ямар арга хэмжээ авах талаар ойрын саруудад хэлэлцэж эхэлнэ гэж тус улсын Олимп, Пара-олимпын наадмын хэрэг эрхлэх сайд Сэйко Хашимото мэдэгдлээ. Токиогийн Олимпын наадам 2020 оны долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ны хооронд болох ёстой байсан боловч цар тахлын улмаас дараа жил зохион байгуулахаар хойшлуулсан билээ. Олимпын бамбарыг өнгөрөгч гуравдугаар сард наадмыг хойшлуулах шийдвэр гаргахаас ердөө дөрөв хоногийн  өмнө Грекээс Японд авчирчээ.

Эх сурвалж:Koreanherald