ОХУ-аас “Навальныйг яагаад хордуулсан талаар” тайлбар хийхийг Франц улс шаарджээ

ОХУ-аас “Навальныйг яагаад хордуулсан талаар” тайлбар хийхийг Франц улс шаарджээ

Өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйн биеийн байдал гэнэт муудаж, эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээлэл дэлхий нийтэд цацагдсан билээ.

Тэрбээр Сибирийн Томск хотоос Москва руу буцаж явахдаа бие нь гэнэт муудаж, тэсэхийн аргагүй өвдөлтийнхөө улмаас орь дуу тавьж эхэлснээр түүний зорчиж явсан онгоц нь Омск хотод ослын буулт хийсэн юм. А.Навальныйн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр тэр эмнэлэгт хүргэгдэхдээ ухаангүй байсан бөгөөд өглөө нисэх буудлын кафед ганц аяга цай ууснаас өөр зүйл хэрэглээгүй гэсэн юм. Иймээс цайнд нь хор хийсэн байж болзошгүй гэж дэлхий нийтээрээ сэжиглэж эхлээд байна.

Тэрээр одоо ХБНГУ /Герман/-д эмчлүүлж буй бөгөөд тус улсын цэргийн лабораторид хийсэн хор судлалын шинжилгээний хариунаас А.Навальныйг хордуулсан бодис “cholinesterase inhibitor” гэх хуванцараас ялгардаг бодис бус “новичок” гэх мэдрэлд нөлөөлөх бодисоор хордуулсан нь тогтоогдсон талаар есдүгээр сарын 2-нд тус улс зарласан юм. Түүнийг хордуулсан "новичок" гэх хорыг хүйтэн дайны үед Зөвлөлт Холбоот Улс /ЗХУ/-д химийн зэвсгийн зориулалтаар бүтээж байжээ. Үүнийг зөвхөн ОХУ-д үйлдвэрлэж байсныг Өрнөдийн зэвсгийн мэргэжилтнүүд баталж байна.

Харин өчигдөр Францын Гадаад хэргийн сайд Жан-Ив Ле Дриан Францын “Интер радио” станцын эфирээр “Оросын тал Алексей Навальныйтай холбоотой явдлыг аль болох богино хугацаанд тодруулах ёстой” гэдгээ мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр "Химийн зэвсгийг хориглох албан ёсны байгууллага буюу OPCW-оос хориглосон бодисыг хэрэглэсэн нь маш ноцтой гэмт хэрэг мөн. Би Оросуудад хандаж дахин хэлье, энэ бол Оросын нутаг дэвсгэр дээр зөвхөн Орос улс хэрэглэж байсан химийн зэвсгээр Орос хүнийг хордуулсан явдал. Ийм зүйл яаж болсон, яагаад ийм зүйл хийх болсныг бидэнд хэлээрэй. Франц болон дэлхий нийт Москвагаас "хурдан хариу өгөхийг" хүлээж байна гэж нэмж хэлэв.

Тэр үеэр сэтгүүлч Оросын эсрэг хориг арга хэмжээ авч магадгүй талаар асуухад Ле Дриан "Оросын талаас хариу өгөхгүй бол" ийм хувилбар гарах боломжтой гэж хариулсан юм. Баасан гаригт Ле Дриан Германы Гадаад хэргийн сайд Хайко Маастай Навальныйгийн биеийн байдал болон үүссэн нөхцөл байдлын талаар ярилцжээ.

Эх сурвалж: TASS