Хонконгчууд “Мулан” уран сайхны киног гаргахыг эсэргүүцэж байна

Хонконгчууд “Мулан” уран сайхны киног гаргахыг эсэргүүцэж байна

 “Уолт Дисней” компанийн шинэхэн бүтээл болох “Мулан” бүрэн хэмжээний уран сайхны кино дэлхий даяар нээлтээ хийгээд удаагүй байгаа. Тэгвэл Хонконгийн жагсагчид уг киног эсэргүүцсэн хөдөлгөөнийг эхлүүлээд байна. Хонконг дахь ардчиллын төлөө тэмцэгчид “Мулан” киноны гол дүрийн жүжигчин Лю Йифэй Хонконгийн эсрэг Хятадын Засгийн газраас авч буй арга хэмжээг илт дэмждэг гэж үзсэн байна.

Учир нь жүжигчин Лю Йифэй өнгөрсөн онд Хонконгт болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр цагдаагийнхан эмх замбараагүй байдлыг намжаахын тулд жагсагчдын эсрэг хэт их хүч хэрэглэсэн хэмээн буруутгагдаж байсан Хонконгийн цагдааг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.

Тэрбээр Хятадын нийгмийн сүлжээ болох Weibo-д өнгөрсөн онд “Хонконгчууд ичгүүргүй аашилж байна. Ингэж хэлсний минь төлөө над руу дайрч болно. Гэхдээ би Хонконгийн цагдаа нарыг дэмжинэ" гэж бичсэн нь олны дургүйцлийг төрүүлэх шалтгаан болжээ. Энэ талаар Хонконгийн нийгмийн идэвхтэн Жошуа Вонг "Лю Йифэй Хонконг дахь цагдаа нарын харгислалыг илэн далангүй, бахархалтайгаар дэмжиж буйгаа илэрхийлсэн тул хүний эрхийг дээдэлдэг хүн бүрийг #BoycottMulan-д нэгдэхийг уриалж байна" хэмээн өөрийн твиттер хуудаснаа жиргэжээ.  

Эх сурвалж: BBC