А.Навальный ухаан орж, хүмүүстэй харилцаж эхэлжээ

А.Навальный ухаан орж, хүмүүстэй харилцаж эхэлжээ

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный ухаан орж, хүмүүстэй харилцаж эхэлсэн талаар Германы эмч нар мэдэгдлээ. Түүнийг хүмүүсийн ярианд хариу үйлдэл үзүүлж эхэлсэн тул амьсгалын аппаратыг нь салгасан байна. Гэхдээ хүчтэй хордлогод орсон өвчтөний биеийн байдлыг тодорхойлоход эрт байна гэж эмч нар хэлжээ. Өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр Алексей Навальныйн биеийн байдал гэнэт муудаж, эмнэлэгт хүргэгдсэн.

Тэрбээр Сибирийн Томск хотоос Москва руу буцаж явахдаа бие нь гэнэт муудаж, тэсэхийн аргагүй өвдөлтийнхөө улмаас орь дуу тавьж эхэлснээр зорчиж явсан онгоц нь Омск хотод ослын буулт хийсэн юм. А.Навальныйн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр тэр эмнэлэгт хүргэгдэхдээ ухаангүй байсан бөгөөд өглөө нисэх буудлын кафед ганц аяга цай ууснаас өөр зүйл хэрэглээгүй гэсэн юм.

Иймээс цайнд нь хор хийсэн байж болзошгүй гэж дэлхий нийтээрээ сэжиглэж эхлээд байна. Удалгүй Германы Канцлер Ангела Меркель эмч нарын дүгнэлтэд үндэслэн А.Навальныйг новичокоор хордуулсныг батлах “хөдөлшгүй нотолгоо” олсныг дурдаад А.Навальныйг санаатай аллагын золиос болсон хэмээн мэдэгдэж байв. Харин ОХУ-ын талаас үүнийг үгүйсгэсээр байна.

Эх сурвалж: BBC