СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Эзэнгүй айлд хий дэлбэрч, хоёр цонх нь хагарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Эзэнгүй айлд хий дэлбэрч, хоёр цонх нь хагарчээ

Сонгинохайрхан дүүрэг 18 хорооны нутаг дэвсгэр, 22-р байрны долоон давхрын айл эзэнгүй байх үед 220 граммаар савласан хий дэлбэрчээ. Тус айл аяны зориулалтын хийн халаагуурыг/плитка/ цахилгаан халаагуур дээр байрлуулан ашиглаж байжээ. Улмаар эзэнгүй байх үед нь ба тог ирж, халаагуур ажиллан, савтай хий дэлбэрч, хоёр цонх  хагарсан байна. Дэлбэрэлтийн улмаас бэртэж, гэмтсэн хүн байхгүй.  

Иймээс Хийн плитк ажиллуулахдаа дараах зүйлсийг дагаж мөрдөхийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөж байна. Үүнд:

  • -Плиткний бүх хаалтууд хаалттай эсэх, өрөө тасалгаанд хий алдагдсан эсэхийг заавал шалгах
  • -Плиткийг ашигласны дараа хийн плиткний хаалтуудыг гүйцэд хаах
  • -Плиткийг үргэлж цэвэр байлгах, ялангуяа халаах хошууг бохирдохоос хамгаалж байх

Хориглох зүйлс:

  • -Бага насны хүүхэд болон аюулгүй ажиллагааны заавартай танилцаагүй хүн ажиллуулахыг хориглоно
  • -Тулгагүй плитк дээр сав тавихыг хориглоно
  • -Плиткний хаалтууд нээлттэй үед баллоны хаалтыг онгойлгохыг хориглоно
  • -Холбох хоолой, хаалтуудыг хатуу биетээр цохиж гэмтээх, хаалтын бариулыг түлхүүр бахь гэх мэт зориулалтын бус зүйлээр эргүүлэхийг хориглоно.
  • -Асаалттай байгаа плиткийг хараа хяналтгүй орхихыг хориглоно. Учир нь буцалж байгаа шингэн зүйлс нь дэвэрсэн үед плитк унтарч хий алдагдаж дахин асаахад дэлбэрэлт үүсч болзошгүй мөн тос дэврэх үед гал түймэр гарах аюултай
  • -Плитк дээр тулганы голчийн хэмжээнээс илүү буюу хэт хүнд зүйл (25 кг-аас илүү) тавихыг хориглоно
  • -Ямар нэг засварын ажил хийх, плиткний бүтцийг дур мэдэн өөрчлөхийг хориглоно
  • -Шингэрүүлсэн шатдаг хий алдагдсан байранд гэрэлтүүлэх болон өөр бусад зорилгоор чүдэнз, асаагуур асаах, гэрлийн унтраалга дарах, залгуурт цахилгаан хэрэгсэл залгаж болохгүйг анхаарууллаа.

Эх сурвалж: НМХГ