Эрдэмтэд тираннозаврын шүдний паалан дахь изотопын найрлагыг шинжлэх замаар биеийнх нь температурыг анх удаа хэмжиж, улмаар эдгээр эртний үлэг гүрвэл халуун цустай амьтан байсныг баталснаас гадна, биеийнх нь температур 36.3 хэм буюу "хүнийхтэй" ойролцоо байсныг тогтоосон тухай "Science Advances" шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэлд дурджээ.
“Тираннозаврууд халуун цустай байсныг нотлох олон баримт бий ч өнөөг хүртэл тэдний биеийн температурын талаар ойролцоогоор ч гэсэн тооцоо байгаагүй. Бид Цэрдийн галавын хожуу үед одоогийн Хойд Америкийн нутагт амьдарч байсан тираннозаврын шүдний паалан дахь хоёр хүнд изотопын харьцааг хэмжсэнээр биеийн температурыг нь анх удаа тогтоолоо” гэж эрдэмтэд бичсэн байна. Энэхүү нээлтийг Лос-Анжелес хот дахь АНУ-ын Калифорнийн их сургуулийн дэд профессор Роберт Иглээр ахлуулсан судлаачид хийжээ. Эрдэмтэд өмнө нь тираннозавруудын яс болон шүдний паалан дахь зарим хүнд изотопын хэмжээг тогтоох замаар биеийнх нь температурыг тооцоолохыг оролдож байжээ. Гэвч эдгээр судалгааны аль ч тохиолдолд нь эртний эдгээр үлэг гүрвэлийн биед агуулагдаж байсан усны хэмжээг тодорхойлох мэдээлэл хангалтгүй байсан тул биеийн температурыг нарийн тогтоож чадаагүй байна.
Эрдэмтэд энэ асуудлыг шийдэхдээ шүдний паалан дахь “хүнд” хүчилтөрөгч-18 болон нүүрстөрөгч-13 изотопуудын харьцаа нь олон эст амьтны биед агуулагдах усны хэмжээнээс хамаардаггүйг анзаарчээ. Үүний үндсэн дээр палеонтологийн химичид одоогийн АНУ-ын Монтана муж улсын нутгаас олдсон хаан тираннозаврын гурван шүд, мөн тухайн үед энэ бүс нутагт амьдарч байсан мезозойн үеийн матрын таван шүдийг шинжилсэн байна. Эрдэмтдийн хийсэн хэмжилтээр тираннозаврууд халуун цустай байсан нь батлагджээ. Учир нь тэдний биеийн температур орчны температураас буюу Цельсийн 26-27 хэм орчмоос үлэмж өндөр байсан байна. Тираннозавруудын биеийн дундаж температур 36.3 хэм орчим байсан нь заан, хүн болон орчин үеийн бусад хөхтөн амьтдын биеийн температуртай ойролцоо байжээ. Харин мезозойн үеийн матруудын биеийн температур дунджаар 30 орчим хэм байсан байна. Ийм хэмжээний биеийн температуртай байсан нь тираннозаврууд өндөр өргөргийн харьцангуй сэрүүн уур амьсгалаас эхлээд халуун орны болон экваторын бүс нутаг хүртэлх цаг уурын янз бүрийн нөхцөлд дасан зохицож, амьд үлдэх боломжийг олгож байсныг эрдэмтдийн судалгаа харуулжээ. Үүнийг мэдсэнээр палеонтологийн экологчид тираннозаврууд болон түүний төрлүүд үлэг гүрвэлийн эриний сүүлчээр дэлхий даяар хэрхэн эрчимтэй тархаж, Хойд Америк төдийгүй Евразид нутагшин амьдарч чадсаныг илүү сайн ойлгоход тусална гэж эрдэмтэд үзэж байна. Хаан тираннозаврууд (Tyrannosaurus rex) нь Цэрдийн галавын сүүл үед амьдарч байсан хамгийн том махчин үлэг гүрвэлүүдийн нэг бөгөөд одоогийн Хойд Америк болон дэлхийн бусад олон бүс нутагт нутагшин тархаж байжээ. Сүүлийн 20 орчим жилийн хугацаанд эрдэмтэд эдгээр үлэг гүрвэлийн талаарх төсөөллөө эрс өөрчилсөн байна. Учир нь тираннозаврууд халуун цустай байсныг мөн тэдний ойрын төрлүүдийн ихэнх нь өдтэй байсныг тогтоожээ.