Яндангаа хөөлье аяныг эхлүүллээ

Яндангаа хөөлье аяныг эхлүүллээ

Галлагааны улирал эхэлж байгаатай холбогдуулан иргэдийг угаарын хийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Тавантолголгой түлш ХХК зэрэг албаны байгууллагуудаас “Яндангаа хөөлье” аяныг орон даяар эхлүүлээд байгаа билээ. Энэ ажлын хүрээнд БОАЖ-ын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Д.Сарангэрэл, Нийслэлийн засаг даргын орлогч Д.Мөнхжаргал, Тавантолгой түлш ХХК-ийн захирал М.Ганбаатар нар яндан хөөлөх аяны ажилтай энэ амралтын өдөр танилцлаж Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны иргэн Энхбаатар, Б.Дамдинбазар нарын гэрийн янданг хөөлж, аяныг эхлүүлсэн юм.

Иргэн Б.Энхбаатар гуайн хувьд эрүүл мэндийн шалтгааны улмаас яндан пийшингээ өөрөө хөөлөх боломжгүй аж. Яндагаа хөөлөөгүй удсанаас болж өнгөрсөн жил пийшин нь буудсан гэдгийг тэрээр хэлж байв. Мэргэжлийн хүмүүс Энхбаатар гуайн пийшинг хөөлөхөд зөвхөн нэг худгаас 15 кг хөө тортог гарч байлаа. Тэрээр, “Би өөрөө бие муутай учир яндангаа хөөлж чаддаггүй. Хоёр жилийн өмнө хөөлж байсан ч дутуу хөөлсөн байна. Мэргэжлийн хүмүүсээр хөөлүүлж байгаадаа баяртай байна” гэсэн юм.

Тавантолгой түлш ХХК-ийн Сервис төвийн ажилчдын дараагийн хөөлсөн айл нь ЧД-ийн 11 хорооны иргэн Б.Дамдинбаярынх байсан юм. Тэрээр, “Би яндангаа хөөлж чадахгүйдээ та бүхэнд хандаагүй юм аа. Шахмал түлш хэрэглэж байгаа болохоор зуух, пийшингийнхээ битүүмжийг алдагдуулчих вий гэж эмээсэндээ та бүхэнд хандсан юм. Мэргэжлийн хүмүүс үнэхээр сайн хөөлдөг юм байна. Би өмнө нь пийшингээ хөөлж байсан ч мөн л дутуу хөөлдөг байж. Иргэдийнхээ эрүүл мэнд, амар тайвны төлөө ийм буянтай ажлыг эхлүүлсэн та бүхэнд баярлалаа. Гэхдээ яндангаа хөөлүүлье гээд зүгээр суух биш, мэргэжлийн хүмүүсээс заавар зөвлөгөөг нь аваад өөрсдөө яндан, пийшингээ хөөлж хайртай гэр бүлээ эрсдэлээс хамгаалаарай гэж уриалъя” гэв.

БОАЖ-ын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Д.Сарангэрэл, “Жил бүр угаарын хийнд хордож амь нас эрүүл мэндээрээ хохирсон иргэд байсаар байна. Монголчууд бид цөөхөн. Угаарт хордож амь насаа алдаад баймааргүй байна. Тиймээс эрсдэлээс сэргийлэхийн тулд энэ аяныг улс орон даяар эхлүүлсэн. Аянд нэгдэж хайртай гэр бүлийнхээ төлөө яндангаа хөөлөхийг уриалж байна” гэсэн юм.