ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Туул голын эрэг дагуу салхилах зориулалттай ЭКО ЗУРВАС байгуулагджээ

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Туул голын эрэг дагуу салхилах зориулалттай ЭКО ЗУРВАС байгуулагджээ

Зуны дэлгэр өдрүүд хэдийн дуусч намрын завгүй өдрүүд үргэлжилсээр...Навчис шарлан, намар цаг ирснийг илтгэх ч гадаа тоглож буй хүүхэд багачуудын цовоо дуу сонстож, хүмүүс ямар нэг тийш яаран яаран алхална. Харин эдгээр завгүй өдрүүдэд Улаанбаатар хотын чимээ шуугианаас түрхэн холдож, Туул голын эргээс байгалийн үзэсгэлэнг тольдох боломжтой нэгэн онцлог газар бий болжээ. Иргэд тэнд очиж чөлөөт цагаа өнгөрүүлэх, дугуйт тавцан, унадаг дугуй зэргийг чөлөөтэй ашиглах бүрэн боломжтой аж.

Бид энэхүү бүтээн байгуулалтыг очиж сурвалжлахаар Хан-Уул дүүргийн 19-р хороог зорьсон юм. Тус хороонд байрлах “Ub town” хотхоны ойролцоо, Туул голын эрэг дагуух байгуулагдсан “Эко зурвас”-т очиход хүүхдээ салхилуулж буй ээжүүд, залуу хос, эмээ өвөө нар сурагчид, дугуйтай жаалууд салхилан, чөлөөт цагаа зугаатай өнгөрүүлж байгаа харагдана.

-ӨМНӨ НЬ ОГТ АШИГЛАГДДАГГҮЙ БАЙСАН ШОРОО, ЧУЛУУТАЙ
ХЭСГИЙГ ТОХИЖУУЛАН 1.6 КМ ДУГУЙН БОЛОН ЯВГАН
ХҮНИЙ ЗАМЫГ БАЙГУУЛЖЭЭ-

Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Зайсангийн гүүрнээс 20 дугаар хорооны “Мишээл экспо худалдааны төв” хүртэлх  дөрвөн метр өргөн 1,6 км урттай замыг бүрэн засч янзлан явган хүний болон дугуйн замыг байгуулжээ. Өмнө нь энэхүү хэсэг нь огт ашиглагддаггүй дан шороо, чулуу ихтэй газар байсан аж. Энэхүү бүтээн байгуулалтыг “Гарден сити” ХХК, “Вектор ус дриллинг” ХХК хийж гүйцэтгэсэн бөгөөд 2019 оны гуравдугаар улирлаас ажил эхэлсэн байна. Тун удахгүй Зайсангийн гүүрнээс Яармагийн гүүртэй холбох ажил үргэлжилэх ажээ.

Бид тус хэсэгт салхилж буй иргэдээс “Эко зурвасын” талаар санал сэтгэгдлийг нь асуухад “Сайхан бүтээн байгуулалт болжээ. Өмнө нь манай энэ хавьд хүүхэд салхилуулж, жаахан алхчихаар зам, талбай байдаггүй байсан. Одоо өдөр бүр хүүхдүүдээ энд салхилуулж байгаа. Агаар сайхан, байгаль ч үзэмжтэй харагдаж байна” гэж хэлцгээж байсан юм.

Мөн хүүхэд багачуудын төлөөлөл болгон дугуй унаж буй багачуудаас эко зурвасын талаар асуухад “Өмнө нь дугуйгаа байрныхаа ойр хавьд л унадаг байсан. Энд дугуйн зам дээр унах ёстой гоё байна. Өдөр бүр ирж байгаа” хэмээн баяр хөөртөй хариулж байв.

-ИРГЭД ӨДӨР БҮР ИРЖ ХҮҮХДЭЭ САЛХИЛУУЛАХ, ДУГУЙ УНАХ
БОЛОМЖТОЙ ХАМГИЙН ХЭРЭГЦЭЭТЭЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ
БОЛСОН ГЭДГИЙГ ОНЦОЛЖ БАЙВ-

Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын хамт олон эко дүүрэг болох зорилтын хүрээнд иргэдийн эрх ашгийг зөрчин хууль бусаар олгогдсон нийтийн эзэмшлийн зам талбайн газрын зөвшөөрөлийг цуцлуулах хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад удаа дараа уламжилсаны эцэст дүүргийн хэмжээнд 10 гаруй байршлын газрын зөвшөөрлийг цуцлуулан нийтийн эзэмшлийн ногоон байгууламжтай цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулах ажлыг ийнхүү амжилттай зохион байгуулж байна. Эхний байдлаар дүүргийн нутаг дэвсгэрийн 9 байршилд ногоон байгууламж хийн иргэдийн ая тухтай, эко орчинд амарч суух, аялж зугаалах орчин бүтээж, тохижилтын ажлыг үргэлжлүүлсээр байгаа ажээ.

Тухайлбал 2017-2019 онын хооронд ногоон байгууламжтай таван тивийн 41 төрлийн 200 гаруй ан амьтадын баримал хөшөөтэй Нийслэлд жишиг болох “Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнг шинэчлэн байгуулжээ. Мөн алслагдсан хорооны хүүхэд багачууддаа зориулан 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт ногоон байгууламжтай цэцэрлэгт хүрээлэн байгуулсан бөгөөд нийт Эко дүүргийн 11 байршилд иргэд амарч суух тохилог орчинг бий болгож, 10 байршилд ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулаад байна.

Харин иргэдийн зүгээс тус байгууламжуудын зарим эд зүйлст гамгүй ханджээ. Тухайлбал, “Эко зурвасын”мэдээллийн самбарыг хагалж, дээр нь будгаар бичсэн харагдана. Тиймээс өндөр настан, бага насны хүүхдүүдийн ихээр очдог тус газарт ариг гамтай хандаж, байгаль орчноо хайрлахыг уншигчдадаа уриалж байна.