Монгол Улсад циркийн урлаг хөгжсөний 80 жилийн ой энэ онд тохиож байна. Гэвч АСА циркийн барилга 13 жилийн өмнө хувьчлагдсанаас циркийн уран бүтээлчид бэлтгэл, сургуулилт, тоглолт хийх газаргүй болсон гэж буй. Тиймдээ ч одоогоор 80 жилийн ойн тоглолтоо явуулын асарт хийхээр болоод буй гэдэг. Үүнтэй холбогдуулан тус циркийн ахмад уран бүтээлчид долоо хоногийн өмнө мэдээлэл хийж, циркийг буцаан төрийн өмчит болгож, циркчдэд өгөхийг хүсэж буйгаа илэрхийлж байсан билээ.
Мөн тэдний зүгээс цирк хувьчлагдсанаас хойш уран бүтээлчид АСА циркэд түрээс төлөн тоглолт хийдэг байсан ч, одоогоор цирк засвартай байгаа тул түрээслэх ч боломжгүй болсон талаар хэлж байв. Тэгвэл “засвартай” хэмээн циркчидийг халгаахгүй байгаа АСА циркийг их завсар орж байгаа ажээ. Энэ нь магадгүй зарим хүмүүст засах биш, далдуур нурааж байна гэх хардлагыг төрүүлж байгаа бололтой.